Оросын Сибирийн анагаахын улсын их сургуулийн эрдэмтэд та бидний баярын зоогийн салшгүй нэг хэсэг болох “Оливье” буюу нийслэл салатны жорыг өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ.
Эрдэмтдийн үзэж буйгаар уламжлалт энэхүү салатанд дарсан өргөст хэмх хийх нь тохиромжгүй гэнэ. “Дарсан өргөст хэмхийг илчлэг ихтэй биш гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж, дарсан өргөст хэмх тийм ч их илчлэгтэй бус. Гэхдээ давс ихтэй учраас хаван үүсгэдэг” хэмээн тус их сургуулийн “Эрүүл хооллолтын сургууль” төслийн сайтад дурьджээ.
Түүнчлэн дарсан өргөст хэмх нь бусад даршилсан бүтээгдэхүүн шиг хоолны дуршлыг хэт нэмэгдүүлдэг байна. Мөн мэргэжилтнүүд гэртээ зуурсан майонезээр амталж, дэлгүүрийн хиамны оронд чанасан мах (цацагт хяруул, тахианы цээж мах зэрэг) хийхийг зөвлөжээ. Учир нь хиаманд хортой транс өөх тос ихээр агуулагддаг гэнэ.