Монголоос нүүдэллэн ирсэн талын бүргэд шархадсан байсныг Мьянмарын эрх баригчид илрүүлж, хамгаалалтад авчээ. Бүргэдийн хүзүүнд Монголын байгаль хамгаалах сангийн нийгэмлэгийнхэн GPS суулгасан байсан аж. Түүнийг Сагайн дүүргийн Минкин тосгоны оршин суугч чавхаар харван шархдуулсан байсныг энэ сарын 6-нд олж авсан байна.Иймд тус улсын Засгийн газараас иргэддээ хандаж нүүдлийн шувуудыг гэмтээхгүй байхыг анхааруулжээ.
Монголоос ирсэн бүргэдийг эдгэрсэн хойно суллаж явуулахыг эрх баригчид мэдэгдсэн байна. Түүний зүүн далавч, нүд нь чавханд оногдож гэмтээд байгаа гэнэ. Бүргэдийг Мандалай хотын Яданарпон Зоологийн хүрээлэнд эмчилж байгаа аж.
Жил бүр маш олон төрлийн шувууд Мьянмарт ирж өвөлждөг ч талын бүргэд нүүдэллэж ирсэн тохиолдол огт бүртгэгдэж байгаагүй гэнэ. Нүүдлийн шувууд Мьянмарт арваннэгээс гуравдугаар сарыг хүртэл өвөлждөг. Тус улсад байгаа нийт шувууны төрөл зүйлийн тал нь нүүдлийнх байдаг гэнэ. Дэлхийд нүүдлийн шувууны нийт есөн зам байдгаас хоёр нь Мьянмарыг дайрдаг ажээ. Нэг нь Төв Азийн нүүдлийн зам бол нөгөө нь Зүүн Ази, Австрали-Азийн зам гэгддэг юм байна.