Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ч.Улаан Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хандан асуулга тавьжээ.
Тэрбээр “Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлыг барагдуулах нэрээр төсөвт нэмэлт ачаалал бий болгохгүй байх, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг цэгцлэх, гаалийн байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх талаар баримтлаж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар” асуулга тавьж буй аж. Учир нь Гаалийн ерөнхий газрын удирдлагын зүгээс төрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчих, төр нийгмийн ашиг сонирхлыг хохироох, татвараас зайлсхийж улсын төсвийн орлогыг хомсдуулах үйлдэл гаргах болсон тухай иргэд, ААН-үүдээс гомдол санал гарах болсон байна. ГЕГ-ын даргын тушаалаар “Татваргүй барааны дэлгүүр” ажиллуулах зөвшөөрөл олгохдоо хууль журам зөрчсөн, сонгон шалгаруулалт явуулаагүй, энэхүү хууль бус ажиллагааны улмаас 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан тухай мэдээлэл мөн Ч.Улаан гишүүнд иржээ. Энэ мэт үндэслэл, мэдээллийг харгалзан асуулга хүргүүлж байгаа хэмээн тайлбарлажээ.
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг