-ЗТХЯ болон АТҮТ-өөс байгуулагдсан ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллажээ-
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвийнхөн хамтран Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд тодорхой шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд нүүрс тээвэрлэсэн автомашины цуваа өнөөдрийн байдлаар 49 км болж буурсан байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яам болон тус үйлдвэрийн газраас томилогдсон ажлын хэсэг Гашуунсухайт боомтод өнгөрсөн долоо хоногт ажиллаж, тээвэрлэгч аж ахуй нэгжүүд болон хилийн тээвэрт оролцдог байгууллагуудтайгаа холбоо тогтоон хамтран ажилласан байна.
ЗТХЯ-ын АТБЗГ-ын дарга С.Батболд, АТҮТ-ын дэд захирал Ш.Батсайхан нараар ахлуулсан ажлын хэсэг нь “Эрдэнэс таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, орон нутгийн “Таван толгой” ХК уурхайгаас, нүүрс тээвэрлэлт хийх гэрээт 124 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаатай танилцан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, гэрээний үүргийг хангуулан, санал дүгнэлт гаргаж тээвэр зохион байгуулалтыг газар дээр нь төлөвлөжээ.
Энэ хүрээнд экспортод гаргаж буй нүүрсний хэмжээг, тээвэрлэлтийн хэмжээ, график төлөвлөгөөтэй уялдуулан тээврийн хэрэгслийн тоог түр хугацаанд шинэчлэн тогтоох, тээвэрлэлтийн зохих шаардлагыг хангаагүй, жолооч тээвэрчдийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, засвар үйлчилгээний ажлыг хэрэгжүүлдэггүй ААНБ-ийн тээврийн хэрэгслийг хасах арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа аж.
АТҮТ-өөс өнгөрсөн хугацаанд гэрээгүй тээвэрлэлт эрхэлж байсан аж ахуй нэгж байгууллагуудыг гэрээжүүлж, эзэнжүүлсэн ба үүний дагуу тээврийн хэрэгслийн тоо тодорхой хэмжээгээр өссөн ч хувь жолооч гэдэг ойлголт одоо байхгүй болжээ. Тус төвөөс хоёр сар тутам тээвэрлэгч ААНБ-тай уулзалт хийж, санал солилцдог бөгөөд ажилтныхаа нийгмийн баталгаанд анхаарч, дотоодын хууль тогтоомжуудыг мөрдөж ажилладаг болгох тал дээр ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг санууллаа.
Энэ сарын 13-ны өдрөөс хойш уурхайн ачилт хийгдээгүй зогссон бөгөөд нүүрс тээврийн зам өнгөрсөн 24 цагийн байдлаар 14 км урагшлаж, албаны хүмүүсийн тооцоолж байгаагаар 2-3 хоногийн дотор энэхүү цуваа хилээр гарна гэдгийг хэлсэн юм. Мөн тээвэр төлөвлөлтийн программаа гаалийн хяналтын бүсүүдтэй уялдуулан, нэгдсэн зохион байгуулалтаар хангах, гаалийн хяналтын бүсүүдийн гадна талбайг тохижуулж, нөөцийн талбай бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа талаар дуулгалаа. Ингэснээр аж ахуй нэгжүүд тээврийн хэрэгслийнхээ тооцоог гаргаж, цагийн хуваарийн дагуу ачилт хийж, тээвэр төлөвллтийн программын дагуу тээвэрлэлт хийх юм байна.
Эх сурвалж: ЗТХЯ