Вашингтоны нэгэн өмгөөлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнерийг орлогынхоо тодорхой хувийг нуун дарагдуулсан гэж буруутгаж, шүүхэд өгчээ. Энэ талаар “Politico”-д бичсэн байна.
Өргөдөлд дурдсанаар Трамп, Кушнер нар өөрсдийн эзэмшлийн хөрөнгө оруулалтын 30 сангийн хувьцааны тухай мэдээллийг мэдүүлэгтээ дурдаагүй аж. Кушнер “нууцын тухай өмнөх гэрээнийхээ дагуу” гээд мэдээллээ өгөхөөс татгалзсан байна. Энэ нь 1978 онд гаргасан АНУ-ын Төрийн албан хаагчийн ёс зүйн баримттай зөрчилдөж байна гэж өмгөөлөгч үзжээ. Энэхүү өргөдөл нь орлогын тухай мэдүүлгээ өөрчлөх, түүнчлэн хэд хэдэн сангаас авдаг хөрөнгийнхөө тухай мэдээллийг дэлгэх, санхүүгийн ашиг сонирхлоо ил болгох зорилготой гэжээ. Үүнээс өмнө зарим хэвлэлүүдэд Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнерийн нарын орлогыг 640 сая ам.доллар гэж тэмдэглэж байсан юм.