Багш нарын ажил хаялтын талаар)
Р.Энхбат
Багш нарын ажил хаялт манай боловсролын салбарын дампуурлын маш тод илрэл болж байна. Энэ ажил хаялт бараг хоёр сарын турш яригдаж, үргэлжилнэ гэдэг бол жирийн үзэгдэл яав ч биш.
Учир нь хамгийн том нам дангаараа засгийн газраа байгуулчихсан байхад, ийм их эрх мэдлийн хажуугаар багш нар ийм тэвчээртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэг бол зөвхөн улс төрийн маш хүчтэй дэмжлэгийн хүчинд тэсч байгаагийнх гэж ойлгогдож байна.
Урьд өмнө багш нарын цалин хөлс үүнээс дээр байгаагүй, одоо ч тэр л хэвээр байна. Багш хүн өөр юу ч бодолгүй, хоёргүй сэтгэлээр хамаг хүчээ дайчлан зөвхөн хүний хүүхдийг эрдэм номонд сургах ажлаа дангаар нь хэчнээн сайн хийлээ ч авч байгаа цалин нь ар гэрт нь хүрэлцэхгүй байгаа хувь тавиланг бодитоор үүрч буй хүмүүс. Тэд өөр ямар нэгэн орлогын эх үүсвэр хайхгүй л бол амьдрахад хэцүү гэдгийг дээр доргүй бүгд мэдэж байгаа.
Харин тэдэнд энэ байдлаас гарахын тулд, ер нь өөрсдийн эрх ашгийн төлөө ингэж олуулаа тэмцэх эр зориг, боломж нөхцөл урд өмнө байсангүй. Адлагдаж шоовдорлогдоно, ажилгүй болох аюул ил далд байнга л нүүрлэж байсан. Одоо ч энэ байдал газар дээрээ өөрчлөгдөх нөхцөл боломж бүрдээгүй л баймаар. Тэгэхээр, энэ удаагийн багш нарын хөдөлгөөн нь эрх баригч намын дотор, засгийн газрынхаа эсрэг багш нарын ажил хаялт нэрийн дор тэмцэж байгаа хэсгийнхэнтэй нягт холбоотой гэж үзэхээс аргагүйд хүрч байна. Тиймээс энэ хөдөлгөөн хэр шударга вэ? гэдэг асуулт гарч ирнэ.
Иргэд олон нийтийнхнийхээ тэмцэл, хөдөлгөөнийг нэг мөсөн унтрааж дарж авсан манайх шиг оронд ийм хөдөлгөөн яах аргагүй дэмжүүштэй цаг үеийн шаардлага болсон. Хамгийн гол нь энэ тэмцэл цаашид боловсролын салбарыг ул үндсээр нь өөрчлөх бүтээлч эрч хүчтэй байгаасай гэсэн санааг л хэлэх гээд байна.
Өөрөөр хэлбэл зөвхөн нам доторх тэмцлийг аль нэг талд нь ашигтайгаар шийдвэрлэхэд тус хүргэх төдий үйл явц битгий болж дуусаасай гэж.
Хэрэв МАН дотроо өнөөдрийнх шиг ийм илт хагаралтай байгаагүйсэн бол багш нар дангаараа өдий хүртэл ийм тэвчээртэй тэмцэл явуулах боломжгүй байлаа. Дүгнээд хэлбэл нам доторх тэмцэл багш нарын хөдөлгөөнөөр дамжиж харагдаад байна гэсэн үг. Тэгэхээр багш нар энэ удаад зорьсондоо хүрвэл энэ Засгийн Газарт хонзогнох намынхных нь анхны ялалтаа байгуулах нь дамжиггүй.
Сая байгуулагдсан энэ засгийн газрын нэр хүнд энэ мэтээр цааш алхам алхмаар унах тусам хонзон авагчдын ард цугларах хүмүүсийн тоо УИХ дотор ч олшрох нь ч гарцаагүй. Өнөөг хүртэл улс төрчдийн өөр хоорондын тэмцэл ингэж л явагдаж ирсэн.
Үүнийг улс төрийн тооцоо, арга заль нь ярьж хэлж буйгаас нь дэндүү илт харагдах болсон УИХ- гишүүн Мөнхбатын энэ засгийн газартай анхны өдрөөс нь эхлүүлээд буй дайн зарласан зурагтын ганцхан бичлэгийг харахад ойлгомжтой болно.
Манай улсын бүх салбарын бусад олон мянган хүмүүсийн нэг адил багш нар цалингаа нэмэгдүүлэх үнэхээр шаардлагатай, амьдралд нь хүндээр тусч буй давхаргынхан гарцаагүй мөн гэдэгтэй би санал нэг байна. Эрх баригчид сүр хүчээрээ одоог хүртэл багш нарын ажил амьдралыг хэнээс нь ч асуулгүй, хааш нь ч хөдөлгөлгүй дангинатал барьж, багш нарыг сурагчидтай нь хамт улс төрийн зорилгодоо өөрийн дураараа ашиглаж ирснийг багш нар уг нь хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Чухам яг одоо багш нар үүнийг мартаж болохгүй цаг юм сан. Багш нарын хувьд үүлэн чөлөөний нар шиг олдсон ийм эгзэгтэй, өөрсдөд нь ч тун ашигтай цаг мөчид эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо зөв зүйтэй гаргах хэрэгтэй байна.
Энэ удаад зөвхөн цалингаа нэмүүлчихлээ гэж бодьё, гэтэл хөдөлгөөнийхний энэ үүрэг зорилго л биелэгдсэнээр боловсролын салбарын бусад амин чухал асуудал орхигдоход хүрвэл, боловсролын салбарын доройтол хамгийн доод цэгтээ хүрчхээд байгаа энэ үед багш нарын нэр хүнд олны дунд гарцаагүй унах биш үү.
Учир нь багш нарын цалинг нэмсэн төдийгөөр боловсролын салбарын ялзрал засагдах боломжгүй, цаашид ч бусад салбарт, ер нь улс эх орны өмнө үүсэх хүнд хэцүү бэрхшээлүүд боловсролыг, бидний үр хүүхдийн ирээдүйг улам л бүрхэг болгох аюул гарч ирнэ.
Тиймээс боловсролын салбар, тэр дундаа сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын асуудлыг багш нарын ажил мэргэжлийн болон нийгмийн асуудалтай хамт авч шийдвэрлэх ухаалаг, алсын хараатай алхам руу бид яаралтай шилжих хэрэгтэй байна.
Өнөөдөр явагдаж буй багш нарын хөдөлгөөнөөс төр засагт тавьж буй шахалт шаардлага олон нийтэд дэндүү өрөөсгөл хэлбэрээр тусч болзошгүйг анхаарахад одоо арай л оройтоогүй байна.
Цалин мөнгөнөөс гадна боловсролын салбарт хуримтлагдаж бугшсан олон асуудлуудыг багш нар маш сайн мэдэж байгаа, түүнийгээ одоо ярихгүй хэлэхгүй байж яагаад ч болохгүй! Боловсролыг бүхэлд нь өөрчилж хөгжүүлэх цаг болсон.
Боловсролын салбарын бодлого зөв чигт эргэж байж л багш нарын маань хүнд хэцүү, хариуцлагатай хөдөлмөр үнэн зөвөөр үнэлэгдэх жинхэнэ боломж гарч ирнэ. Энэ цаг бидний бодож байгаа шиг алс холын, биелэшгүй бүтэшгүй зүйл биш. Хэрэв манай төрд боловсролын салбараа хөгжүүлэе гэсэн чин хүсэл байх л юм бол эхний ээлжинд заавал их хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээр хийх ажил маш их хуримтлагджээ. Хүсэх л юм бол болохоор байна.
Гагцхүү боловсролын салбарынхан, нийт иргэд ухамсарлан, төр засгаасаа зориглон эрчимтэйгээр шаардах хэрэгтэй байна.
Р.Энхбат
1 comment
багш нарыг доромжлоод байдаг яадаг п.. вэ чи, харин чи ахэнээс захиалга аваад бичээд байгаан