Японд Америкийн цэргийн алба хаагч асан Чарльз Роберт Женкинс 77 насандаа таалал төгслөө. Тэрбээр 1965 оны нэгдүгээр сард Өмнөд Солонгосын зэвсэггүй бүсээс БНАСАУ руу оргож, Хойд Солонгост 40 орчим жил амьдарсан юм.
Женкинс 24 насандаа Вьетнамтай дайтах хүсэлгүй, мөн цэргийн урт удаан албанаас залхаж, Хойд Солонгос руу оргох шийдвэр гаргажээ. Тухайн үед тэр түрүүч цолтой байв.
1965 оны нэгдүгээр сарын тэр нэг шөнө Женкинс 10 орчим лааз шар айраг уугаад доод тушаалын цэргүүдтэйгээ харуулд гарчээ. Ингээд цэргүүддээ байрандаа үлдэхийг тушаагаад, өөрөө зам шалгана гээд явсан байна. Үүний дараа тэр буунаасаа цагаан майкаа уяад БНАСАУ-ын хилийн нэвтэрчээ. Анхандаа тэр ЗХУ-д очиж, бууж өгнө гэж тооцоолж байсан боловч Хойд Солонгост саатуулагдсан гэнэ.
Ингээд Женкинс хэдэн арван жилийг БНАСАУ-ын цэргийн алба хаагчдад англи хэл заахаас өөр аргагүй болов. Үүний зэрэгцээ тэр суртал ухуулгын кинонд америк тагнуулын дүрүүдийг бүтээсэн байна. Хойд Солонгост байх хугацаандаа Женкинс тус улсын тусгайгийнхны тагнуулчдаа сургахаар хулгайлан авч ирсэн Хитоми Сога хэмээх япон бүсгүйтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болжээ.
2002 онд Согад Япондоо буцахыг зөвшөөрөхөд Женкинс охидоо дагуулан 2004 онд эхнэрийнхээ араас Японд очжээ. Америкийн цэргийн засаг захиргаанаас түрүүчийг шүүхэд дуудсан боловч бэлгэ тэмдэг төдий 30 хоног шоронд хориод гаргажээ.
Үүний дараа Женкинс гэргийтэйгээ төрсөн нутаг болох Нийгата мужид нь амьдарч эхэлсэн байна. Энд тэрээр бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж, дурсамж ном бичиж, үлдсэн амьдралаа өнгөрүүлжээ.
1 comment
Uhej bhda taarsan Americ