Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн 21 аймаг, 98 суманд ажиллаад ирэхдээ орон нутгийн дарга нарын оффшорыг илрүүлжээ. Аймаг, сумдын эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, төрийн албанд давхар албан тушаал хашиж алхам тутамдаа ашиг сонирхлын зөрчил бий болгодог нь илэрсэн төдийгүй төрийн албыг төрлийн алба болгож, хувиргасан,авлига албан тушаалыг цэцэглүүлсэн зэрэг олон зөрчил байгааг АТГ-аас мэдээлсэн юм.
Тухайлбал, Засаг даргын нөөц хөрөнгийг шагнаж урамшуулах, төлбөр тооцоо хийх, арга хэмжээ зохион байгуулах, тэмдэглэлт ой, баяр, наадам тэмдэглэх, хандив, тусламж, хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд зарцуулдаг нь илэрчээ. Сүхбаатар аймагт Засаг даргын захирамжаар шагнал урамшуулалд 83.8 сая төгрөг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 18.9 сая төгрөгийг давхардууллан олгосон бол энэ онд урамшуулалд 38.9 сая төгрөгийг, дэмжлэг, буцалтгүй тусламжид 24.405 сая төгрөгийг, хүлээн авалтад 24.465 сая төгрөгийг, бусад зардалд 119.6 сая төгрөгийг зарцуулсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс энэ оны захирамжаар 30 сая төгрөгийг улсын цол авсан бөхөд, Архангай аймгийн Цэнхэр суманд улс, аймгийн цол авсан бөх, докторын зэрэг хамгаалсан хүнд хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулах, зочид төлөөлөгчдийн байр, хоолны мөнгийг төлөх зэрэгт Засаг даргын нөөц хөрөнгийн дийлэнх хувийг зарцуулсан байна. Түүнчлэн төрийн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлж, ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгуулах зэргээр улсын төсөвт зохиомол ачаалал үүсгэдэг болох нь илэрчээ.
1 comment
Угаасаа ийм байдал хэдэн арван жил байгаа ш дээ,АТГазар одоо мэдэж байгаа юм байх даа,