НИТХ-ын ээлжит бус хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар Нийслэлийн 2018 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан боловч Ардчилсан намын бүлгээс “Сангийн яам нийслэлийн төсвөөс их хэмжээний татаас авч хотын хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулсан мөртлөө УИХ-ын гишүүдийн тойрогт гурван тэрбум төгрөг баталсныг хууль бус гэж үзэж байна” хэмээн завсарлага авлаа. НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү ажил хийхээс илүүтэй улстөржиж, нийслэлийн ажлыг хойш нь татсаар байна.
Нийслэлийн МАН-ын бүлгийн зүгээс 2018 төсвийг цаг алдалгүй хэлэлцэх саналтай байгаа бөгөөд ингэж ажлыг хойшлуулснаар дүүргүүдийн төсвийн асуудал гацаанд ороод байна гэдгийг онцолж байна.
Хуулийн дагуу нийслэлийн төсвийг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор өргөн барьж хэлэлцэн батлах ёстой. Хэдий цаг хугацаа давчуу байсан ч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хугацаандаа багтаж нийслэлийн 2018 оны нийслэлийн төсвийн төслийг иргэдээр хэлэлцүүлэн НИТХ-д өргөн барьсан юм.
Эх сурвалж: http://www.zugeer.mn/?p=21593