Ирэх сарын 02-06-ны хооронд Индонез улсад “Цунами цом” тэмцээнд оролцох Монголын үндэсний шигшээ баг өчигдөр Мьянмар улсын 23 хүртэлх насыг 2:1-ээр хожлоо.
Индонезийг зорихын өмнөх бэлтгэл болгон манай залуус Мьянмар улсын залуучуудын шигшээ багуудтай нөхөрсөг тоглолт хийхээр эх орноосоо мордсон. Өнгөрсөн баасан гарагт Мьянмарын 21 хүртэлх насны шигшээтэй тоглож, үндсэн цагт 1:1-ээр тэнцэж яваад шүүгчийн сунгасан минутад гоол алдан 2:1-ээр хожигдоод байсан.
Тэгвэл өчигдөрийн тоглолтод “Талын хөх чононууд” өмнөх тоглолтын алдаагаа залруулж, Мьянмарын 23 хүртэлх насны шигшээг буулган авлаа. Манай шигшээ багаас Ц.Мөнх-Эрдэнэ 9 дэх минутад тоог нээсэн бол хожлын гоолыг өмнөх тоглолтын нэг гоолыг оруулаад байсан Г.Төгөлдөр өөрийн нэр дээр бичүүлэв.
Эрс тэс уур амьсгалтай эх орноосоо халуун дулаан газарт очиж хоёр тоглолт хийн, бэлтгэлээ базаасан Монголын үндэсний шигшээ баг маргааш Индонезийг зорино. Манай шигшээ ирэх сарын 02-нд Кыргызстан, 04-нд Индонез, 06-нд Бруней улсын багуудтай тоглох хуваарьтай байгаа аж.