Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг. Иймд цэвэр агаараар амьсгалах нь хүний эрүүл байх үндэс юм.
Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, тамхины утаа, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.
Дэлхийн хэмжээнд 3 тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт, хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын болон архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа зүрх судасны өвчлөл, бага жинтэй төрөлт, дутуу төрөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Дотоод орчны агаарын бохирдолд эрүүл мэндийн байдал, нас, ажил мэргэжлийн онцлог хүчин зүйлээс хамааран өртөх хугацаа гадаад орчноос ялгаатай байна.
Манай улсад ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2008 онд хийсэн дотоод орчны агаарын чанарыг үнэлэх судалгаагаар дотоод орчны агаарын чанарт түлш болон сууцны төрөл нөлөөлж байгаа нь тогтоогджээ. Том болон нарийн ширхэглэгт тоосонцрын дундаж агууламж орон сууцны төрлөөс үл хамааран хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх хэмжээнд байсан бол түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшинд амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байв. Тус судалгааны үр дүнгээр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг зөвлөжээ.
Галлагааны үед үүсэх үндсэн агаар бохирдуулагчид:
Амьсгалаар ордог тоосонцор: Тоосонцрын диаметр 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалаар ордог тоосонцор гэх бөгөөд эдгээр нь харилцан адилгүй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг. PM2,5болон PM10 нь амьсгалаар ордог тоосонцрууд бөгөөд тэдгээрийн диаметр нь хэт бага учраас амьсгалын дээд замаар нэвтрэн орж, уушгины цулцанд хүрч удаан хугацаагаар байдаг. Энэхүү нарийн ширхэглэгт тоосонцрууд нь олон төрлийн химийн элемент агуулдаг учраас төрөл бүрийн хавдар үүсгэх магадлалтай.
Нүүрстөрөгчийн дутуу исэл: Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбод, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг. 2014 онд хийсэн судалгааны үр дүнгээр нүүрсний дутуу шаталтаас үүсч байгаа бохирдуулагчид нь дутуу төрөлттэй хамааралтай байгааг тогтоожээ.
Тамхины утаа
Тамхины утаа нь дотоод агаарын бохирдлын нэг гол хүчин зүйл юм. Нийслэлийн дотоод орчны агаарын бохирдлын агууламжийн хэмжээ нь халаалтын төхөөрөмж, тамхидалт зэргээс голчлон хамаардаг байна. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар 2 өрх тутмын 1-д тамхи татдаг хүн амьдардаг гэсэн дүгнэлт гарсан. Дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь өвлийн улиралд тамхи татдаггүй орчинд бага байгаа бөгөөд иймээс гал түлэхийн хамт тамхи татаж буй тохиолдолд эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөлөл төдий хэмжээгээр ихэснэ. Тамхины утаа нь бүх насны хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд эцэг эх нь тамхи татдаг хүүхэд хатгалгаа, гуурсан хоолойн багтраа, ханиалга, амьсгаадах, амьсгал давчдах буюу багтраа, дунд чихний үрэвсэл болон насанд хүрсэн хойноо зүрх судасны өвчнөөр өвчлөх нь илүү байдаг.
Барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд
Тохилог сууц ялангуяа орон сууцны агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог. Олон төрлийн барилгын материал, дотоод засал чимэглэлд ашиглаж буй материал болон бусад эд зүйлсээс барилгын дотоод орчинд ялгарч агаарыг бохирдуулдаг олон хортой дэгдэмхий органик нэгдлүүд байдаг.
Ацетон, метил,бензол, толуол, үнэрт нүүрстөрөчид, альдегид, кетон зэрэг нэгдлүүд үүсдэг ба эдгээр нь хурц нөлөөлөл буюу нүд загатнах, амьсгалын замын эмгэг, толгой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг бол архаг нөлөөлөл буюу элэг, бөөр, цусны эргэлтийн болон төв мэдрэлийн тогтолцоог гэмтээх сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.
Өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох ЗӨВЛӨМЖ
Хэрэв гэрийн доторх агаарын чанар муу, бохирдолтой байвал гадаад орчны агаарын бохирдолтой нэгэн адилаар таны эрүүл мэндийг дордуулна. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гэр доторх агаарыг бохирдуулахгүйн тулд дараах зөвлөмжийг дагаарай.
-Бага насны хүүхэдтэй бол гэртээ Хэт Өндөр Үр Ашигтай Агаарын Шүүлтүүр (High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter) бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглахыг зөвлөж байна. Энэхүү төрлийн агаар цэвэрлэгч шүүлтүүр нь агаар дахь 0,3 мкм-ээс том тоос, жигнэгдэгч хэсгүүдийг 99,99%-ийн үр ашигтай шүүдэг.
-Гэртээ тамхи татахгүй байх
-Гэртээ өдөрт 2-оос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх
-Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших
-Гэр бүлийн гишүүд гадуур хувцсаа гэртээ орохоосоо өмнө сольж байх
-Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төлвийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах. Агаарын бохирдол өглөө болон оройн цагаар хамгийн их байдгийг анхаарах
-Хэрэв та галлагаатай орон сууц, гэрт амьдардаг бол галлах, хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах
-Гэрийн дулаалгыг сайжруулах, үүдэнд амбаар ашиглах
-Хог хаягдлаа ангилан цуглуулж, устгах. Хатуу, шингэн хог хаягдал нь холилдон химийн урвалд орж дотоод орчны агаарыг байнга бохирдуулж байдаг тул өдөр бүр хогоо гаргаж хогийн цэгт хаяж хэвших, хогийг хашаандаа шатаахыг хориглох,
-Чанаргүй материалаар хийгдсэн, үнэр гаргадаг материалаар хийгдсэн гэрийн тавилгаа солих, аль болох хэрэглэхгүй байх
-Химийн бодисын найрлага өндөртэй цэвэрлэгээний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу ашиглах, өрөөнд хангалттай агааржуулалт байгаа эсэхийг шалгах, хүүхэд болон гэрийн тэжээвэр амьтан хүрэхгүй хол газар хадгалах, шошгон дээр дурдаагүй тохиолдолд эдгээр ахуйн хэрэглээний бодисуудыг хооронд холихгүй байх хэрэгтэй.