Михаэль Шумахер осолд ороод бараг дөрвөн жил болж байна. Тэрээр цанаар гулгаж байгаад толгойгоороо чулуу хүчтэй цохисны улмаас эмнэлгийн орноос огт босоогүй юм. Саяхан л түүнтэй бараг бүх хүн салах ёс гүйцэтгэж байсан билээ.
Азаар Михаэль амьд байгаа гэнэ. Харин саяхан түүний гэрийнхэн ферм нь байдаг Америк руу нүүхээр шийджээ.
Далласт ч мөн тархины хүнд бэртлийг сайн эмчилдэг Марк Уикс хэмээх нэгэн алдартай эмч байдаг. “Манайх тархи, гавлын хүнд бэртэл авсан өвчтөнүүдтэй ажилладаг арвин туршлагатай. Европт бол ийм тохиолдлыг эмчилж чадах эмнэлэг байдаггүй” хэмээн Уикс мэдэгдэж байсан удаатай.
Тиймээс Шумахер Америкт нүүж ирвэл шинэ найдлага төрнө гэж мэргэжилтнүүд үзжээ. Саяхныг болтол тамирчин эр Швейцарьт гэртээ эмчлүүлж байсан боловч огт сайжраагүй юм. Харин ч долоо хоногийн эмчилгээнд нь 135000 евро зарцуулж байлаа.
Ийнхүү Михаэлийг дөрвөн жилийн турш хөл дээр нь босгохын тулд 16 сая евро зарцуулсан байна. Гэсэн ч тэр орноосоо босч чадсангүй. Харин гэр бүл нь эмчилгээний мөнгийг нь олохын тулд Норвеги дэх байшин, хувийн онгоцоо хүртэл заржээ.
Энэ 4 жилийн хугацаанд авто уралдааны 7 удаагийн аваргын биеийн байдлын тухай мэдээлэл огт ирж байгаагүй. Гэрийнхэн нь ч Шумахерийг олноос маш сайн нуусан гэхэд болно. “Михаэлийн эрүүл мэнд тийм чухал мэдээлэл биш. Тиймээс энэ асуудлаар ямар ч мэдээлэл өгөхгүй” хэмээн менежер Сабина Кхем нь мэдэгдэж байв.
Папарацциуд ч өвчтэй тамирчны зургийг авах гэж нэлээд хичээсний үр дүнд өнгөрсөн оны сүүлчээр хэд хэдэн зураг авч амжжээ.
Гэвч энэ асуудлаас болж цагдаа дээр хэрэг үүссэн байна. Учир нь энэхүү зургийг түүний гэрт авчээ.