Эрүүл мэндийн хөгжлийн төв эмийн зохицуулалтын үйл ажиллагааг ил тод, түргэн шуурхай хүргэхийн тулд олон ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 11 дүгээр сарын 01-нээс эхлэн Шинэчлэгдсэн Лайсмед програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Анх 2006 оноос эхлэн импорт, экспортын лиценз олгох үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын мэдээлэл болон бүртгэлтэй эмийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор интернэтэд суурилсан Лайсмед програмыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Гэвч уг програм өнөөгийн шаардлагыг хангахгүй болсноос шалтгаалан олон улсын жишигт нийцүүлэн бүхэлд нь шинэчлэхээр болсон байна. Ингээд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдлын програм нэвтрүүлэх ажлын хүрээнд Лайсмед програмыг шинэчилсэн.
Тус програмыг шинэчилснээр эм ханган нийлүүлэх байгууллага, гадаад эмийн үйлдвэрийн төлөөлөгчийн газрууд эм бүртгүүлэх болон импорт, экспортын лиценз хүсэх хүсэлтээ цахимаар илгээж бүртгэлийн болон лиценз олгох үйл ажиллагаа ямар түвшинд явагдаж байгааг хянах боломж бүрдэж байна.
Өөрөөр хэлбэл Шинэчлэгдсэн Лайсмед програмын хуучин програмаас давуу тал нь эмийн бүртгэлийн үйл ажиллагаа цахимжиж байгаа явдал юм.
Мөн эм, эмийн түүхий эдийн бүртгэлийн мэдээний сангаас гадна биологийн идэвхт бүтээгдэхүүн, оношлуурын мэдээний сан хэрэглэх заавар, зурагийн хамт нэмэгдэж байгаагаараа онцлог болж байна. Ингэснээр иргэд илүү олон төрлийн мэдээллийг авах, бүртгэлгүй хуурамч эмээс зайлсхийх боломж бүрдэх аж. Эмийн талаарх мэдээллийг авахыг хүсвэл www.licemed.mohs.mn линкээр нэвтрэн орох юм.