АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлалын төлөөлөгчид саяхан Техаст сүмд олон хүнийг буудаж хороосон Девин Патрик Келлигийн гэмт хэргийг түүхийг үндэсний гэмт хэрэгтнүүдийн мэдээллийн санд яагаад оруулаагүйг шалгахаар болсноо зарлалаа.
2012 онд агаарын цэргийн хүчинд алба хааж байсан Келли эхнэр, хүүхдээ зодсон хэргээр шүүхэд дуудагдаж, 12 сар хорих ял сонсож байжээ. Түүнийг мөн галт зэвсэг хэрэглэхийг хуулиар хориглосон байв.
Гэтэл энэ бүхэн түүнийг өнгөрсөн жил винтов буу авахад саад болсонгүй. Үүгээрээ тэрээр өнгөрсөн ням гарагт Сан-Антонио хэмээх дагуул хотын баптист сүмд халдлага үйлдсэн билээ. Цагдаа нарын хэлснээр 26 настай Келли сүмд халдлага үйлдээд зугтаж явахдаа амиа хорлосон байна. Түүнчлэн Техасын олон нийтийн аюулгүй байдлын газрын захирал Фримэн Мартины хэлснээр Келли зэвсэглэсэн мөрдөгчийн суманд хоёр удаа оногдож, шархаджээ.
Даваа гарагт АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлалаас дараах мэдэгдлийг гаргасан байна. “Анхан шатны мэдээллээс үзэхэд Девин Келли ахуйн сэдлээр хүчирхийлэл үйлдэж, шүүгдэж байсан гэсэн мэдээллийг Агаарын цэргийн хүчний “Холломэн” сангийн тусгай мөрдөн байх хэлтсийн ажилтнууд Үндэсний мэдээллийн санд оруулаагүй байна” гэжээ.
Өдгөө Агаарын цэргийн хүчний төлөөлөгчид болон Пентагон энэ асуудлаар хамтарсан мөрдлөг шалгалт хийхээр болж байна.
Хадам ээжтэйгээ муудалцсан нь
Келли Сазерлэнд-Спрингс хотын сүмд халдлага үйлдэх үеэрээ хагас автомат винтов, хоёр гар буугаар зэвсэглэсэн байжээ. Тэрээр халдлага үйлдэхээсээ өмнөхөн хадам ээжтэйгээ муудалцсан байсан гэнэ. Гэхдээ энэ зөрчилдөөнөөс болж халдлага үйлдсэн гэж дүгнэхэд эрт байна.
Келлиг халдлагын гэрч болсон нутгийн иргэд шуурхай хөдөлсөндөө аюулгүй болгож чаджээ. Гэрчүүдийн нэг нь хариу гал нээж, түүнийг шархдуулснаар зугтсан аж. Келли үхэхийнхээ өмнөхөн аав руугаа утсаар ярьж, салах ёс гүйцэтгэжээ. “Түүний хувьд арьс өнгө, эсвэл шашны үзлээс болж халдлага үйлдээгүй. Гэр бүл, эхнэрийнхээ эцэг эхтэй таарамжгүй харилцаатай байсан” хэмээн Мартин сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Келли энэ сүмд байнга ирдэг хадам ээжээ сүрдүүлсэн зурвас хүртэл бичдэг байжээ.
Хохирогчид нь хэн байв?
Нутгийн цагдаагийн төлөөлөгч Жо Тэкиттийн хэлснээр амиа алдагсдын дунд 12-14 хүүхэд байна. Тэдгээрээс хамгийн бага нь дөнгөж нэг настай аж.
“Washington Post” сонины мэдээлснээр халдлагын улмаас Холокомбын гэр бүлийн найман гишүүн амиа алджээ. Тэднийг ням гарагийн мөргөлдөө яваад эргэж ирээгүй тухай хөрш Полин Гарза нь ярьсан байна.
Халдлага үйлдсэн этгээд хэн байв?
2012 онд Келли эхнэр, хүүхдээ зодсон хэргээр шүүхийн хаалга татаж, 12 сар хоригдсон байна. Хоёр жилийн дараа Келли биеэ зүй зохисгүй авч явдаг гэх шалтгаанаар армиас гутамшигтайгаар хөөгдсөн тухай Пентагоны төлөөлөгч Энн Стефанек ярьжээ.
Холбооны хуулиар бол зэвсэгт хүчний эгнээнээс хөөгдсөн хүмүүст зэвсэг худалдаалахыг хориглодог. Гэсэн хэдий ч Келли өнгөрсөн жил хуурамч хаяг зааж, ял эдэлж байгаагүй гэж худал хэлэн Сан-Антониогоос зэвсэг худалдан авчээ.
Келли зэвсэггүй хамгаалагчаар ажиллах зөвшөөрөлтэй байсан. Энэ бол тоглолтын үеэр хамгаалагч хийдэг мэргэжил гэж цагдаа нар тайлбарлаж байна. Түүний хувьд үндэсний гэмт хэрэгтнүүдийн санд багтаагүй болохоор ийм зөвшөөрөл авч ядах юмгүй байлаа. Тиймээс ч тэр энэ оны долоодугаар сар хүртэл Сазерлэнд-Спрингсээс холгүйхэн орших соёл амралтын хүрээлэнд хамгаалагчаар ажилладаг байв. Гэхдээ түүнийг тавхан долоо хоног ажиллаад гэрээ нь цуцлагдсан гэж соёл амралтын хүрээлэнгийн захирал ярьж байна.