Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон өдгөө МАН дотор “32-ын бүлэг” гэгдэх болсон гишүүд АТГ-ын дарга, Тэргүүн коммисар Х.Энхжаргалыг албан тушаалаас нь буулгахаар хэлэлцэж байгаа тухай хэвлэлээр шуугиад эхэллээ. Хамгийн гол нь, энэ шийдвэрийн гол учиг нийгэмд шударга ёсыг тогтоохын тулд АТГ-ын даргыг солихоос өөр аргагүйд хүрсэн хэмээх тайлбарт оршиж байна. Гэвч АТГ-ын одоогийн дарга нийгэмд үүсээд буй элдэв асуудалтай ямар учгаар холбогдоод байгааг тодорхойлсон тайлбар даанч байсангүй.
Гэхдээ нийгэм, шударга ёс гэхээс урьтаад Х.Энхжаргалын хувьд Х.Баттулгын хүн биш учраас л ажлаа өгөх ёстой гэвэл арай дөнгүүр сонстож магадгүй. Уг нь АТГ хэмээх байгууллагыг анх бий болгохдоо улстөрөөс ангид, зөвхөн хуульд л захирагдах хүчин хэмээн тодорхойлж байсан ч өнөөдөр эрх мэдэлтнүүд үүнийг өөрсдөдөө тохируулан залж байгаа нь үнэн. Улстөрийн аясаар өөрчлөгдөж, эрх мэдэл төвлөрсөн хүчин рүү хазайдаг албан тушаал байж болох ч АТГ-ын даргын хувьд үүнээс хамааралгүйгээр албан үүргээ гүйцэтгэх ёстой. Тэгж байж гэмээнэ авлигатай тэмцэх ажлыг дарамт шахалтгүйгээр хийж чадах билээ. Харин энэ байдал эсрэгээрээ эргэсний жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр бодитойгоор харуулж, улстөрчдийн зүрхэнд шар ус хуруулдаг албаны удирдлагыг гартаа авах гэж байгаа аж.
Хуулиараа АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог. Харин тус газрын өнөөгийн дарга үүрэгт хугацаагаа тун ч ээдрээтэй шалтгаанаар эрт дуусгах нь тодорхой болов.
Тэгээд ч энэ алба хүсээд байхаар зүйл биш гэдгийг өнгөрсөн хугацаан дахь томилгоо, түүнийг дагасан учир битүүлэг үйл явдлууд харуулсан. Авлига, хээл хахууль, төрийн албаны ноцтой бүхэнтэй зууралддаг АТГ-т дээрээс үзүүлэх дарамт маш их гэдгийг ч нийт даяар мэдэх болсон. Яг үнэндээ төрийн албан тушаалтан, шийдвэр гаргах эрхтэй нөхдийг нэг бүрчлэн шалгаж, байцаавал асуудалгүй хүн үлдэхгүй байх. Тиймээс л аль ч төрийн үед томчуул булай булхайгаа далдлахын тулд хяналт шалгалтын албадад өөрсдийн хүнээ шахдаг уламжлал тогтсон.
Харин өнөөгийн засаг, төрийн томчуулд АТГ-ын удирдлагууд таалагдахгүй байгаа нь ийнхүү ил болж байна.
Манай улс дайн байлдаангүй, дотоодын үймээн самуунгүй хэдий ч авлигатай тэмцэх нь амь насаараа дэнчин тавьж, алдах зүйлгүйгээр урагш зүтгэхийн нэр болчихоод байгаа нь үнэн. Бүр АТГ-г анх байгуулагдахад даргаар нь томилогдсон Б.Дангаасүрэн 2007 онд маш ноцтой нууцлаг байдлаар амиа алдсан. Мэргэжлийн бус хүмүүс ч түүний амиа алдсан шалтгааныг жирийн осол биш гэдгийг ажигласан. Гэсэн ч өнөөг хүртэл хэргийн үнэн мөнийг олоогүй. Олон нийт түүнийг авлигын том сүлжээний үзүүрээс атгасан тул ийнхүү золиос болсон гэж үздэг.
Мөн газрын даргаар ажиллаж байсан Ч.Сангарагчаа ч тодорхой бус шалтгаанаар хуулийн хариуцлага үүрч, шоронд хоригдсон. Уг нь АТГ нь аливаа төрийн алба, албан тушаалтнаас ангид ажиллах хуулийн заалт байгаа. Харин Ч.Сангарагчаа томчуулын заавраар ажиллаагүй учраас төмөр торонд орсон. Үүний дараа хурандаа Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн ба шалтгааныг нь “Би амар тайван амьдармаар байна” гэж тайлбарласан.
Ингээд харахад энэ нээрэн ч хүсээд байхаар ажил биш бөгөөд АТГ-ын дарга нарын занганд ордог жишиг хурандаа Х.Энхжаргалыг ч тойрохгүй нь бололтой.
Ерөнхийлөгчийн тухайд энэ санаагаа албаа авсан цагаасаа цухуйлгасаар наймдугаар сард бүр ил болгосон. Тодруулбал, наймдугаар 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарыг хүлээн авч уулзсан. Энэ уулзалт ч санамсаргүй зүйл болсон гэдгийг тухайн үед Төрийн ордноо өрнөсөн үймээнээс харж болохоор байв.
Уулзалтын үеэр иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шаардаж, хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээж буй 60 тэрбум төгрөгийн асуудал болон төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрч 40 гаруй хүний нэр холбогдоод байгаа оффшор данстай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой сэдвээр ярилцсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр “Иргэдийн зүгээс чих тавин хүлээж буй эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх ажлыг гардан хийх ёстой хүмүүс нь та нар. Энэ ажилд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тусалж дэмжихэд бэлэн байна” гэж байсан ч уулзалтын үеийн ярианаас АТГ-ын даргыг буруутгах хандлага илт ажиглагдаж, улстөрчид “Х.Энхжаргал Ерөнхийлөгчийн тааллаас гажвал албан тушаалаасаа салах нь дээ” гэцгээж байв.
Энэ яриа ч биеллээ олж эхэллээ. Харин Х.Энхжаргалын орыг авч, Ерөнхийлөгчийн тааллыг гүйцэлдүүлэх хүний нэр ч яригдах болсон.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд ШШГЕГ-ын дарга Б.Билэгтийг АТГ-ын даргад зүтгүүлж буй сурагтай. Б.Билэгтийн хувьд Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Мөн Ерөнхийлөгчийн ойрын хүнд тиймдээ ч хууль хяналтын бүхий л байгууллагуудын даргын албан тушаалыг хашиж байсан хүн гэдэг. Гэтэл түүнийг Ерөнхийлөгч тоож, тордохоо байснаас болон Б.Билэгт З.Энхболдтой сүжрэх болсон гэх мэдээлэл байгаа юм.
Эх сурвалж: erennews