Ер нь бол спортын хамгийн эрсдэлтэй, аюултай төрөл юу вэ гэдгийг тогтооход бэрх. Үүний гол шалтгаан тэмцээн уралдааныг зохион байгуулагчид болон оролцогчид үхлийн тохиолдлоо зарлаад байдаггүйд оршдог гэж үздэг байна. Жишээлбэл, гольфийн талбай дээр жилд 900 орчим хүн нас бардаг гэх мэдээ бий. Тамирчны зохисон бөмбөгт оногдсон тохиолдлууд гэх үү дээ. Хэдхэн өдрийн өмнө манай уулын спорт сонирхогчид харамсалтайгаар осолдлоо.
Жинхэнэ мэргэжлийн уулчид ямар нэгэн оргилд гарахдаа маш сайн бэлтгэл хангадаг. Дээд зэргийн тоног төхөөрөмж хэрэглэдэг. Үүнээс гадна оргилд хүрэх зам маршрут, авирах цаг, бааз, хамгаалалт хувцас хунар дээд зэргийн зохион байгуулалтын дагуу бэлтгэгддэг аж. Уулын спортынхон хатуу дэг журамтай, тэдний үхэж үрэгдсэн осол нь голчлон санамсаргүй тохиолдлынх байдаг гэнэ.
Энд “Форбс” сэтгүүлийн гаргасан хамгийн эрсдэлтэй спортын топ-3 төрлийг танилцуулья.
Аюултай спортын чансааны эхэнд бесжампинг нэрлэгдэв. Үүнийг төрүүлсэн спорт нь өөрөө аюултайд тооцогддог шүхрийн спорт. Гэхдээ бесжамингийн тамирчид шүхэрчид шиг онгоцноос үсрэхгүй. Харин хадан цохио, хавцал, өндөр байшин цамхгаас харайдаг. Бага өндрөөс харайна гэдэг нислэгийн асар богино цаг хугацааг туулна гэсэн үг. Тиймээс тэдэнд “шүхрээ задлах”-ын өмнө биеийн байрлалаа зөв олох шаардлага тулгардаг. Байрлалыг зөв олно гэдэг харин хүндхэн асуудал болдог байна. Спортын энэ төрлөөр амь үрэгдэгчдийн тоо 1981 – 2007 оны хооронд 114-т хүрчээ. Зохих хэрэгсэлгүйгээр бие даан хийсэн бейс үсрэлтүүд бараг л тэр чигтээ үхэл юм.
Аюул осол өндөртэй хоёр дахь спортын төрөлд хелискиинг багтдаг байна. Эхлээд уулын оройд нисдэг тэргээр хүргүүлсэн тамирчид дараа нь цанаар доош буудаг. Ямар нэгэн тогтоогдсон замгүй газраас гулган буух нь өндөр сэтгэгдэл төрүүлдэг ч эрсдэл маш өндөр.
Харин спортын гурав дахь аюултай төрөлд агаарын нөөцтэй хэрэгсэлтэйгээр усан доогуур аялах дайвинг орж байна. Усны гүнд ороход тулгарч болох бүхий л асуудалд тамирчин бэлэн байх ёстой.