Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг. Монгол Улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна.
Энэ оны эхний таван сарын байдлаар тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 245 тохиолдлоор буурчээ. Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байгааг салбар яамнаас мэдээлсэн. Түүнчлэн төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавьсан байна.
Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум,аймаг,нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэдэг. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилдэг юм. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм. Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой. Энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна.