Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, мэдээлэл өглөө.
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа аж.
Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байгаа юм байна. Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа гэж холбогдох албаныхан мэдээлж байна.
Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байгаа аж.
Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн байна.
Эх сурвалж. mnb.mn
1 comment
Хайрхан минь өршөөж уулчдыг эсэн мэнд буулгах болтугай