Ингэхэд хүлээлтэд байгаа реформыг ХЭН нь хийх юм бэ? … Шинэ Ерөнхийлөгч хийнэ гэж үү?
Магадгүй холын бэлтгэлээ базаагаад байгаа гэж ажиглагчид хэлж байна. Сонгуулийн өмнө эхэлж, өөрийг нь Ерөнхийлөгч болохтой зэрэгцэн зарим заалт утга нь явцуураад эхэлсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор МАН-ыг зөөлрүүлж дарж авах нь цаашдын “ямар” нэг зүйлээ итгэлтэй хийх бэлтгэл нь болж буй харагдана. Мэдээж наадамд давсан бөх туг тойрохдоо дараагийн ам угтуулаа боддог тул 2021 оны сонгуульд гар амар давахын тулд АН-аа бас чирэх. Ядаж 50 хувьтай чуулганд татчихмаар байгаа. Үүний тулд С.Эрдэнийн сэргэлт ба М.Энхболдын ганхалтыг зэрэг сэвж цаашдын алхмуудаа хийж буй гэх.
Улс төрийн түвшинд “хэрх” өвчин болсон авлига ба намчирхал, хариуцлага шударга ёсны тухайд шинэ Ерөнхнийлөгчөөс хурдтай, бодитой шийдвэрийг иргэд хүлээж байгаа нь зүй. Гэхдээ манайхан аливаад хууртахад бие, сэтгэлээ барихдаа сайн тул одоохондоо харсаар байгаа.
Их хүлээлтдээ дасаж “Монгол ялсан” баяраас уйдаж эхлэх зуурт шинэ хүрд эргүүлэгчээр У.Хүрэлсүх тодроод ирэв. Мэдээж ХҮҮК гэдэг нь гэнэтийн баатар, үзмэрч хувилгаадын төрүүлсэн элч биш. Өнөөх л Х.Баттулгынхаа сонгуулийн ялалтын шампанскнаас МАН дээр үсэрсэн нэг толбон дээр тодорч, цэвэрлэнэ хусна гэж том үүрэг хүлээсэн нөхөр. МАН-ын задарсан улс төрийн эерэг дүр. Ерөнхийлөгчөө жигдрэх хүртэл хурдан уйдчихгүйг хичээж суусан манайханд “Тулга Хүүк хоёр нийлээд үзвэл шударга ёс жинхэнээсээ тогтоно” гэсэн шинэ зохиолын товчийг хэн нэгэн сошиалаар пост болгоод шидэв.
Энэ санаа том зохиол болж өрнөж эхэллээ. “Би чамд хайртай” киноны нэг гүргэр, гөлгөр дурладаг Дэлгэрийн аав Дамба гуайн хэлдгээр бол хоёр өөр орчинд өссөн, хоёр өөр үзэл бодолтой ТУЛГА ХҮҮК хоёр “Хариуцлагын 76-ын Я” бүлгийн “Шударга ёс” гэдэг гоё нэртэй нэг охинд хайртай гэсээр гарч ирцгээлээ. Хэн нь ширээн дээрээс эхэлж өөрөө ойчиж, шударга ёсыг нулимстай үлдээхийг одоо тааж бурах нь дэмий. Шинэ зохиолд итгэчихсэн уяралын нулимсаа арчин суугаа олныгоо үл хүндэтгэсэн болно. Одоохондоо бол хоёулаа л шударга ёсыг тархидаж, жирэмслүүлж хаяж мэдэхээр л үйл үг нь бага багаар хувираад байгааг харин эхэн дээр нь сануулах нь шударга.
Ер нь бол хоёулаа шударга ёсонд хайр зарласнаа ийм хурдан мартчихгүй нь тодорхой. Тулга санхүүгийн эрх чөлөөг илүүтэй үзэж, Хятад ахын гоё цаастай хулхи чихэр, хараат байдлаас гарна гэснээрээ зүтгэж эхэлсэн. Өнөөдүүл нь чихэр гурилаар сольдог нүүрсэн дээр нь хоригоо нэмээд л мушийж эхэлсэн. Ах дүү нар нь доор нь зутарч эхэлсэн. Гэвч том, жижиг ямар ч эрх чөлөөнд хүрэхийн тулд золиос хэрэгтэй тул шударга ёс даарсан ч тэсч л байна. ХҮҮК нь ангийн дарга болсон ч хайрын захианд амалсан зарим нэг гоё хэсгүүдээсээ ухарч, онцчуудаасаа хуулж эхэлсэн ба олон дээлийг давхарлаж аваад суулаа. Үүнийг бас шударга ёс уучилж хүлцлээ. Арга нь хуучин ч зорилго нь ариун юм даа гээд…
Хожмын өрнөлөөр ШУДАРГА ЁС үнэхээр дээшлээд, улам царайлаг болоод ирвэл хэн нь илүү хайртайгаа харуулахаар Тулга, Хүүк хоёр сонгуулийн төгсөлтийн бүжгэн дээр сэмхэн дээшээ анги руу орох болов уу. Нөгөө бол хэн нь шударга ёсыг хуурсанаа нотлохоор үзэлцэж, хэн нэг нь ширээн дээрээс өөрөө унасан болох л байх. Энэ бол улс төрийн хайр дурлалын зохиолын дасал төгсгөл.
Гэхдээ баян Монголын өнчин хүлээлт ШУДАРГА ЁС-ыг дахин нулимстай үлдээхгүйн тулд дасал болсон төгсгөлийг өөрчлөх хэрэгтэй болсныг энд хэлэхийг хүслээ.
Шинэ үе, залуу улстөрчдийн тэмцээд байгаа, нийгмээрээ хүсээд дурлаад байгаа ШУДАРГА ЁС бол маш товчдоо бүх шатны хариуцлага, хуулиар хамгаалагдсан эрх тэгш байдал, суурь шинэчлэл. Энэ нь үйлдвэржих хөдөлгөөн өрнүүлэхээс мэдээж ялгаатай. Оюун санаа, сэтгэлгээний өөрчлөл дээр тулах хүчин зүйлийн хамааралтай. Улстөрчид иймэрхүү олон нийтэд таалагдах сэдлээр хайр зарлахдаа хэн гэдгээ мартуулж, төгсгөлийг нь харагдтал ярьж олны сэтгэлийг эргүүлдэг. Гэтэл мөн чанар нь хэн болох, хаашаа эргэж байгаа нь жижиг алхам бүрт нь харагддаг. Тулга, Хүүк хоёр ядаж үүнийг л давтахгүй байхад эхний хэсэгтээ болоод явчихна.
Энд нэрлэж буй хоёр улстөрчид нь П.Очирбат, Н.Энхаяр, С.Баяр нараас огт өөр цаг үед хэн болохоо харуулах сорил дээр ирсэн. Хөгжил цэцэглэлт гэдэг чимэг нэртэй нэгдүгээр ангиар эхлүүлсэн уруудалт дампуурал “хулхидалт” гэдэг Ерөнхий боловсролын дээд ангидаа дэвшчихсэн явна. Одоо шударга ёс, хөгжил дэвшлийн нэр барьж хулхиддаг бүх аргыг нийгэм нь нэвт уншина. Энэ утгаараа Тулга, Хүүк хоёр нь манай үеийнхний итгэл найдварын сүүлчийн түүчээ байж болно. Нэг бол дахин хуурсанаар нийгмээ ёстой жинхнээрээ нь хилэгнүүлж, хувсгал гаргах хэмжээнд хүргэсэн сүүлчийн хулхидагч нар ч болж болно. Энэ хоёрын улс төрийн карьерийн тоолуур эхэлсэн гээд учир мэдэх бүгд цагаа бариад 2021 гэдэг тоон дээр суучихсан байна. Мэдээж энэ хоёр л булагнаж зүтгээд бид дэмий хараад суухгүй. Шударга ёсонд бид бүгд хайртай тул дуугарна, тэмцэнэ.
Гэхдээ Тулга, Хүүк хоёр төгсгөлөө сайн хийлээ ч хулхидалт гэдэг цуврал бүр КОНЕЦ болчихгүй. Ядаж дараагийн “хулхидалт” цувралын шинэ зохиол бичигдэхгүй болчихвол цаг үедээ том гавьяа.
Эх сурвалж: Пүрэвжавын Баярхүү /тоймч/
shuud.mn