10 дугаар сарын 19-нд тохиож буй Олон Улсын Хадгаламж, зээлийн хоршооны өдрийг угтсан Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үйл ажиллагаа, хоршоологчдын бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлгэн таниулах MOCCU ЭКСПО 2017 үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд өчигдөр нээгдлээ.
Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо (МХЗХҮХ-MOCCU)-ноос Санхүүгийн зохицуулах хороо болон Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран хийж буй тус үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 100 гаруй хадгаламж зээлийн хоршоо, тэдгээрийн жижиг, дунд бизнес эрхлэгч 300 гаруй гишүүд оролцож байна.
Үзэсгэлэн худалдааны нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ, Хадгаламж, зээлийн хоршоодын тоо, хамрах хүрээ өсөн нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмж ихээхэн тэлж буйг дурдаад, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар хоршоодын нийт актив 130.0 шахам тэрбум төгрөгт хүрснийг онцоллоо. Түүнчлэн, Хороо цаашид хоршоодыг мэргэжлийн санхүүгийн байгууллага болгон хөгжүүлэх, эрсдэл даах чадвар болон үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, хяналт шалгалтын үр дүнтэй тогтолцоонд шилжих бодлого баримталж буйг тэмдэглэн, олон нийт, гишүүдийнхээ санхүүгийн боловсролыг сайжруулах замаар Хоршооныхоо засаглалыг сайжруулж, чадавх, гүйцэтгэл, хууль, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэйг сануулав.
Эцэст нь тэрээр, үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд амжилт хүсэж, нийт хоршоодод удахгүй болох “Хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн чуулган”-д идэвхтэй, үр дүнтэй хуран чуулахыг уриаллаа.
MOCCU ЭКСПО 2017 үзэсгэлэн худалдаа өнөөдөр үргэлжилнэ.
Эх сурвалж: СЗХ