Өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдээр хэдэн жилийн өмнө Сирид амьдрахаар явж, “Исламын улс” бүлэглэлийнхэнтэй нэгдсэн Британийн иргэн Салли Жонс гэгч бүсгүйг устгасан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэрхүү Жонс бүсгүй дэлхий дахинаа “Цагаан бэлэвсэн эм” хочоороо алдартай. Тэрбээр бүлэглэлийн хамгийн их эрэн сурвалжлагдаж буй алан хядагчдын нэг байсан бөгөөд Сирид дайчин эмэгтэйчүүдийг бэлтгэх, исламын үзлийг сурталчлах ажил хийдэг байжээ.
Британийн алан хядагч, 50 настай “Цагаан бэлэвсэн эм” нь бүслэгдсэн Раккагаас зугтах гэж байгаад Америкийн нисгэгчгүй онгоцны цохилтод өртөж амиа алдсан гэнэ. Түүнтэй хамт 12 настай хүү нь ч амь үрэгджээ.
Британийн тагнуулын газрынхан Жонсын хувь заяаг сүүлийн хэдэн жилийн турш тагнаж мөрдөж байсан аж. Харин 2015 оны есдүгээр сарын 28-нд НҮБ-аас Жонсыг олон улсын түвшний алан хядагч мөн гэж зарлажээ. Ийм хэмжээний үр дүн авахын тулд Кент гүнлэгийн уугуул бүсгүй хоёрхон жил орчмын хугацааг зарцуулсан байна.
Хөгжимчин асан Жонс өмнө нь “Krunch”хэмээх панк хамтлагт тоглож байсан боловч 2013 онд Сири рүү сүйт залуу Жунаид Хусейнтэй зугтан гарчээ. Түүний сүйт залуу “Исламын улс”-тай нэгдэхээр шийдсэн хакер байв. Ингээд Жонс бүсгүй “Исламын улс”-ын зуучлагч болжээ. Тэрээр олон нийтийн сүлжээ, Твиттер зэргийг ашиглан
“Исламын улс”-ын үзэл суртлыг сурталчилж, хүмүүсийг бөөнөөр нь цаазлахыг хамгаалж, түүнчлэн эмэгтэйчүүдийг “ариун дайн”-д нэгдэж, амиа золиослогч болохыг уриалж байлаа. Үүнээс гадна Жонс “Твиттер”-ээр дамжуулан Европ болон төрөлх улсаа нэг бус удаа сүрдүүлж байсан юм. “Шударгаар хэлэхэд би зургаа, долдугаар сард Лондоны төвөөр явахгүй байсан. Бүр шударгаар хэлбэл би тийшээ метрогоор зүглэхгүй байсан” гэж нэг удаа жиргэжээ. Түүнчлэн тэрээр нэг бус удаа христ, жүүдийн шашинтан хэн бүгдийг “мохоо хутга”-аар толгойг нь тасдах хүсэлтэй гэж бичиж байлаа.
Гэвч Жонс зөвхөн ухуулга сурталчилгаа хийж байсангүй. Хожим нь алан хядагчидтай нэгдэж, Умма Хусейн аль Британи хэмээх нэр авсан Салли Жонс “Анвар аль Авлаки” батальоны эмэгтэйчүүдийн хэсгийг тэргүүлж, Европт болох аялан хядах ажиллагаанд амиа золиослогч эмэгтэйчүүдийг бэлтгэж байв.
Харин “Цагаан бэлэвсэн эм” хочийг 2015 онд нөхөр нь Америкийн нисгэгчгүй онгоцны цохилтод амиа алдсаны дараа авсан юм. Жонс нөхрөө нас барсны дараа Твиттерт нөхрөө “Аллахын гол дайсан”-тай тулалдаж байгаад амиа алдсанд бахархаж байна гэжээ. “Би түүнээс өөр хэнийг ч хайрлахгүй” хэмээн тэрбээр олон нийтийн сүлжээнд бичжээ.
Гэвч Салли нөхөр нь үрэгдсэн ч ганцаараа үлдээгүй юм. Түүний дэргэд хүү нь байсан бөгөөд Жонс ч хүүгээ исламизмд түлхэн оруулжээ. “Миний бяцхан хүү бас исламын шашинтан боллоо. Одоо түүний нэр Хамза Хусейн аль-Британи. Түүнд нэр нь таалагдаж байгаа” гэж Сирид ирснийхээ дараахан бичжээ. Цэргийн эх сурвалжийн баталж буйгаар Жонс нөхрийнхөө хувь заяаг давтах вий гэж эмээсэндээ хүүгээ халхавчилж, нуудаг байсан гэнэ.
Гэвч Жонсын хүү муу халхавч байсан бололтой. Хүү яг л ээж шигээ алан хядах суртал ухуулга хийж, тэр ч бүү хэл үзүүлэх цаазын ажиллагаанд оролцдог байжээ. “Исламын улс” бүлэглэлийн нэгэн ухуулгын бичлэг дээр гурван хүүхэд курдын олзлогсдын дагз руу бууддаг. Энэ гурван хүүхдийн нэг нь өөрийнх нь зээ хүү мөн гэж “Цагаан бэлэвсэн эм”-ийн эцэг эх таньжээ.
Хожим нь Салли Жонсын хойд аав Британийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дагавар охиноо мансууруулах бодисын нөлөөн дор алан хядагчидтай нэгдсэн гэжээ. “Надад тэр эргэж ирнэ үү, байна уу хамаагүй” хэмээсэн хойд эцэг “Цагаан бэлэвсэн эм”-д хүүг нь хамт өгч явуулдаг л буруудлаа гэж шогширчээ.
“Би өөрийгөө үнэхээр буруутай гэж боддог. Яагаад гэвэл хүү маань “Өвөө, би тантай үлдэж болох уу” гэж асууж байсан” гэжээ. Тэрбээр бичлэг дээрээс зээ хүүгээ таньмагцаа “Үнэхээр итгэж чадахгүй байна. Уй гашуу төрж байна. Амьдралаа алдаж гүйцлээ шүү дээ. Тэр одоо хэвийн ертөнцөд ирж чадахгүй. Үнэхээр аймшигтай. Гарт нь “Калашников” байхад түүнийг яаж эх орондоо ирээд, гудамжинд хөлбөмбөг тоглож буй энгийн хүүхдүүдтэй нийл гэх юм бэ” хэмээн халаглажээ.
Тэгвэл өнгөрсөн зун хэвлэлүүдээр “Цагаан бэлэвсэн эм” эх орондоо эргэж ирэхийг хүсч байгаа ч Исламын улсын дайчид түүнийг явуулахгүй байна гэсэн мэдээлэл гарсан юм. Энэ тухай бүсгүйн найз “Sky News” теле сувагт ярьжээ. “Тэр эх орондоо эргэж ирэхийг хүсч байна гэсэн. Уйлаад л, Британидаа эргэж очмоор байна гэсэн. Гэвч Исламын улс үүнийг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл тэр цэргийн хүний эхнэр шүү дээ” хэмээн мэдэгджээ.
Э.ЗАЯА
Эх сурвалж: Газета
6 comments
Ээ дээ хайран амьдрал юм уу даа
Хайрнаар барах уу. Нэг эрд дурлахаараа эх орон, бүх юмнаасаа урваад эцэст төсгөлдөө ийм болох гэж дээ
ЭД НАР ӨӨРСДӨӨ НУТГИЙН ХҮМҮҮСИЙН ХУВЦАС ӨМСӨӨД ТЕРРОРИСТ ДҮРД ТОГЛООД ЯВДАГ ХӨЛСНИЙ АЛУУРЧИД ХЭНД АШИГТАЙ ГЭХЭЭР ДАЙН ГАРГАЖ БАЙГАА УЛС АМЕРИКЧУУДАД АШИГТАЙ ГЭЖ ОРОСЫН СУВГААР ГАРЧ БАЙСАН ШҮҮ ТУХАЙН УЛС ОРОНД ОЧИЖ ЗАМРААГҮЙ ДЭЛБЭРЭЛТ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛ ХИЙЖ ХООРОНД НЬ НУТГИЙН ХҮМҮҮСИЙГ ХУТГАН ҮЙМҮҮЛДЭГ ХӨЛСНИЙ АЛУУРЧИД ИХ ӨНДӨР ЦАЛИН АВДАГ ГЭРЭЭТЭЙ БАЙДАГ ГЭНЭ ИХ АЮУЛТАЙ
Ийм хүмүүсийг Англичууд өөрсдөө бэлтгэж аль нэг улсад иргэний дайн үүсгэхэд ашигладаг юм.Эртнээс бараг 100-д жилийн түүхтэй арга хэмжээ Үүнд гайхаад байх юм байхгүй Тагнуулын алба ар талд нь хянаж явна Тэр хүүхэд хайран гэдэг ойлглт зөвхөн Монголд байдаг юм Том үйл хэрэгт хэнийг өрөвдөхгүй гэсэн докторина мөрдөгдөнө
wow бас heavy metal тоглоно айн
Боовонд орж дурлсан биз дээ лалууд ч охид хуухнуудийн чихэн дээр олон гое уг хэлдэг шуу дээ