… Давхар ажил эрхлэлттэй холбоотой ажлын байрны давхардал ихтэй байгаа нь УИХ-ын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийн 3.1.11-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн, эрх үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэхээр заасныг хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажиллажээ гэж дүгнэж болохоор байна…
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Уул уурхайн яам болон түүний харьяа агентлагуудын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ хэлэлцүүлсэн.
Гэтэл уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь иргэн албан тушаалтан, аж ахуйн нэгжээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг цаг тухай бүрд нь шийдвэрлэдэггүй, удирдлагын зүгээс тавих хяналт сул байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдсон хоёр албан тушаалтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 33 сая төгрөгийн тэтгэмж олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8 дэх хэсэгт “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх” гэсэн заалт болон Засгийн газрын “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2014 оны 147 дугаар тогтоолыг зөрчсөн байсан аж.
Мөн авлигын эрсдэл бүхий зарим зөрчлийг ч илрүүлсэн байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэж ажилладаг.
Уул уурхайн 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ордын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авчээ.
Энэ салбарт төрийн албан хаагч өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа нь авлигын маш том эрсдэл бөгөөд төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна.
Яамны албан тушаалтнуудын зүгээс “Уул уурхайн шинжээчээр ажиллах хүн дутмаг байдаг.Энэ нь монгол мэргэжилтний үнэлэмжтэй холбоотой” гэсэн тайлбар хийж байв. Гэвч төрийн яамны бодлогыг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд нь үр дүн, гүйцэтгэл шаардах ёстой аж ахуйн нэгжүүдээсээ шинжээчийн ажлын хөлс нэрээр төлбөр авч байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл юм.
Давхар ажил эрхлэлттэй холбоотой ажлын байрны давхардал ихтэй байгаа нь УИХ-ын 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийн 3.1.11-д эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн, эрх үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэхээр заасныг хэрэгжүүлэх тал дээр санаачилгагүй ажиллажээ гэж дүгнэж болохоор байна.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэх ашигт малтмалын нөөцийн тайланд яам, агентлагийн албан тушаалтнуудыг шинжээчээр оролцуулж байгаа асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсронгуй болгох шаардлагатай байна. Ашигт малтмал, газрын тос нь газар нь газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын компаниудаас гэрээний дагуу төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжихэд жил бүр мөнгө татаж, 2015 онд 1.322.016.088 төгрөг, 2016 онд 1.726.721.164 төгрөгийг зарцуулсан байна.
Уг мөнгө зарцуулж буй хууль зүйн үндэслэлийг танилцахад Газрын тосны газрын даргын 2011 оны 211 дүгээр тушаалаар “Төлөөлөгчийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу зарцуулж байх боловч уг журмыг 1991 оны Газрын тосны тухай хууль, Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 20 дугаар зүйлийн 20.1 дэх заалтыг үндэслэн гаргасан байна.
Гэвч уг тогтоол нь 2014 онд Газрын тосны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 342 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг. Гэтэл тус газар нь хүчингүй болсон хууль, тогтоолын үндэслэл бүхий журмыг шинэчлэлгүйгээр аж ахуйн нэгжүүдээс авсан хөрөнгийг Төрийн санд орлогоор бүртгэгддэггүй, арилжааны банканд тусдаа данс нээж зарцуулсан байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.
Мөн 2017 онд уг дансанд үргэлжлүүлэн мөнгө байршуулж, зарцуулж байгаа нь шалгалтаар тогтоогджээ.
Иймд шинэчлэн баталсан газрын тосны хуулийн дагуу Төлөөлөгчийг дэмжих зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу орж буй орлогыг улсын төсөвт тусгуулж, улсын нэгдсэн төсөвт тусгуулах шаардлагатай байгааг Ажлын хэсгээс анхааруулан, уг хөрөнгийг Төлөөлөгчийн үйл ажиллагаанд бус агентлагийн өдөр тутмын үйл ажиллагаа болон гадаад, дотоод томилолт бусад арга хэмжээнд зарцуулах нь Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан үндэслэлтэй нийцэж байгаа эсэхэд Авлигатай тэмцэх газраас Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж:
1 comment
Бүх цалинг нь улсын орлого болгоод байр орон сууцны үнэлгээг хараад өндөр зэрэглэлийн орон сууцтай бол шалгаад хууль бус бол хураагаад улсын орлого