Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өчигдөр (2017.10.06) эдийн засгийн сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” зохион байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 20-ноос 2017 оны 9 дүгээр сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.
Хууль эрх зүйн орчны шинэчлэлийн чиглэлээр:
МУХБ үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн хэдий ч улс төрөөс хэт хараат байдал, банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь банкны үр ашигтай ажиллах боломжийг бууруулж, төсөв санхүүгийн салбарт багагүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байсныг шийдвэрлэх зорилгоор МУХБ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр УИХ-аар баталсан.
МУХБ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үйл ажиллагааны хүрээ, хяналт, засаглал, бие даасан байдал, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, шийдвэр гаргах зохицуулалтыг оновчтой болгосон. Тухайлбал өмнөх хуулиар УИХ, ЗГ-аас гаргасан тогтоол, шийдвэрийн дагуу төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлдэг байсныг шинэ хуулиар хуульд заасан шаардлага хангасан төсөл, хөтөлбөрийг банк судалж, шийдвэрээ бие даан гаргахаар болсон.
Санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоож, түүнд хяналт тавих журам, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журам болон хуульд заасан хязгаарлалтын хэрэгжилтэд Монголбанк тогтмол хяналт тавих тогтолцоог бүрдүүлсэн. Шинэчилсэн хуулийн хүрээнд үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэн компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, экспорт, импортын санхүүжилт хийх улмаар компанийн засаглалын тогтолцоог сайжруулж, ашигтай ажиллах, ашгаас хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх зохицуулалтыг бий болгосноороо ихээхэн ач холбогдолтой болсон. Хуулийн шинэ орчин нөхцөлд тохируулан ЗГ-ын 2017 оны 123 дугаар тогтоолоор МУХБ-ны дүрмийг шинэчлэн батлуулж, 30 гаруй бодлого, журмыг шинэчлэн боловсруулж баталсан.
Хяналт шалгалтыг ЗГ-аас 2 жил тутам удирдлага, үйл ажиллагаанд аудит оруулдаг байхаар тусгаж өгсөн. Санхүүгийн чадавхи, ил тод байдлыг нэмэгдүүлэх үүднээс төв банк буюу Монголбанкны зүгээс хяналт тавьж зохистой харьцааны үзүүлэлтийг сар бүр ханган ажиллаж байна.
Үндэсний Аудитын Газраас жил бүр гүйцэтгэлийн хяналтад шалгалт хийдэг. Банкны өдөр тутмын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтын нэгж шинээр зохион байгуулж аудит хийх болсон. Түүнчлэн эрсдлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж дараах эрсдэлийн хязгаарлалтуудыг хэрэгжүүлж байна.
Энэ оны 4 дүгээр сарын 1-нээс МУХБ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ирээдүйн алдагдлыг нөхөх нөөц сан байгуулах, зээл, зээлтэй адилтгах хөрөнгө өөрийн хөрөнгийг 30 дахин нэмэгдүүлснээс бага байх, нэг зээлдэгч болон холбогдогч этгээдэд олгох зээлийн хэмжээ өөрийн хөрөнгийг 8 дахин нэмэгдүүлнээс ихгүй байх, санхүүжилтийн 60 –аас доошгүй хувийг экспортыг дэмжих төсөл, хөтөлбөрт зарцуулахаар тусгасан.
Энэ оны 5 дугаар сарын 31-нд “МУХБ-ны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт тогтоох, түүнд хяналт тавих журам”-ыг батласан. Үүнд: Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 100 хувиас багагүй байна, өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 10.5 хувиас багагүй байна, 1 дүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 6 хувиас багагүй байна, нийт том зээлдэгч, холбогдогч этгээдэд олгосон зээл нийт зээлийн 80 хувиас ихгүй байхаар тусгасан. Мөн 9 дүгээр сарын 7-нд МУХБ-ны ТУЗ-өөс банкны төлбөрийн чадварын болон гадаад валютын ханшийн эрсдэлийг зохистой хэмжээнд барьж ажиллах зорилгоор дараах үйл ажиллагааны хязгаарлалтуудыг тогтоосон. Урт хугацаат актив, тогтвортой эх үүсвэрийн харьцаа 100 хувиас ихгүй, гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт өөрийн хөрөнгийн 50 хувиас ихгүй байхаар тус тус тусгасан.
Дээрх бүх шинэчлэлтийн хүрээнд сайн засаглал, хариуцлагын тогтолцоо, хараат бус шийдвэр гаргалтийг ханган ажиллаж байна.
Санхүүгийн зохистой удирдлагын чиглэлээр:
МУХБ нь байгуулагдсан цагаасаа хойш актив хөрөнгийн хэмжээ тогтмол өсч ирсэн бөгөөд өнгөрсөн оны 9 дүгээр сарын байдлаар 6.9 их наяд төгрөгт хүрсэн байсан. Тухайн үед МУХБанкнаас олгосон зээлийн эргэн төлөлт муу, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түвшин өндөр байсан Монгол Улсын Засгийн газар болон МУХБанк хоорондын өглөг, авлагын тооцоог нийлж, манай банкны актив хөрөнгө 28 хувь, өр, төлбөр 41 хувиар тус тус буурч МУХБанкны хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл буурч, төлбөр гүйцэтгэх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээ сайжирсан.
Мөн 2017 оны 3 дугаар сард 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийснээр актив хөрөнгийн хэмжээ 3.37 их наяд төгрөг болсон. Нөгөө талдаа пассивын өр төлбөрийн хэмжээ тогтмол өссөөр 2016 оны 11 дүгээр сарын байдлаар 6.86 их наяд байсан бол Чингис бондын эх үүсвэрийг буцаан МУ-ын Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбоотойгоор 3.89 их наяд төгрөг болж буурсан.
Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтийн хувьд өнгөрсөн оны мөн үед 3.9 хувь болтлоо буурсан байсан. Тогтмол өсгөх бодлого барин ажилласнаар 2016 оны эцэст УИХ, ЗГ-ын холбогдох тогтоолын дагуу дүрмийн санг 1.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 34.7 хувь хүрч өслөө.
Нийт гадаад валютын нээлттэй позицийн харьцааг -521.1 хувиас 476.7 хувиар бууруулж -44.4 хувь ханшийн тэгшитгэлийн алдагдлаас сэргийлсэн.
ЗГ болон МУХБ хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагыг өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлэх ажил хийгдэж, нийт 348 төсөл, арга хэмжээний 3.1 их наяд төгрөгтэй тэнцэх санхүүжилтийн үлдэгдлийг төсөвт шилжүүлсэн нь хөрвөх чадваргүй активын хэмжээг бууруулж, зээл активын харьцааг сайжруулсан нь дунд хугацаанд улсын төсөвт үүсэх дарамтыг арилгаж, ЗГ-ын болзошгүй өр төлбөрийг бууруулав. Энэ нь мөн банкны улсын төсөвтэй харилцах харилцааг боловсронгуй болгох алхам болов. Өмнөх 4 жилд МУХБ-ны зээлийн багцын 60 орчим хувийг улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл бүрдүүлж байв.
МУХБ нь Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай төсөлд зээл олгон ажиллаж эхлээд байна.
Энэ онд боловсруулах үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт 225.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг олгосноос 196.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдсөн шинэ хуулийн хүрээнд олгосон. Үүнээс 73 хувь нь экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр байна. Үүнд, “Алт-2 үндэсний хөтөлбөр”, Ноолуурын салбарыг дэмжих дамжуулан болон шууд олгосон төслүүд, “Малын гаралтай органик протейны үйлдвэрийн төсөл“, “Хонины ноосон био бордооны үйлдвэрийн төсөл” зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй төслүүд багтаж байна.
2012-2016 онуудад МУХБ-ны зээлийн багцын 40 орчим хувийг төслийн орлогоос эргэн төлөгдөх зээл бүрдүүлж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 100 хувь төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 1670 төсөлд олгосон 2.95 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байна. Тодруулбал шууд олгосон 45 төсөл, арилжааны банкууд болон ЖДҮХС-аар дамжуулан олгосон 13 хөтөлбөрт хамаарах 1625 дэд төсөл байна.
Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцыг ЗГ-т шилжүүлэх замаар шийдвэрлэж, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлээс 156.9 тэрбум төгрөгийн зээл хүүгийн төлбөрийг төлүүлсэн. Энэ онд улсын төсвөөс эргэн төлөгдөх зээлээс 12.5 тэрбум төгрөгийг төлүүлж төсвийн зээлийг бүрэн хаасан, төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлээс 286.4 тэрбум төгрөгийн зээл хүүгийн төлбөрийг төлүүлсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад эргэн төлөлтийн гүйцэтгэлийг 70 гаруй хувьд хүргэж сайжруулсан үзүүлэлт юм.
Өнгөрсөн жилүүдэд эргэн төлөгдсөн төлбөрүүд нь голчлон улсын төсвөөс хийгддэг байсан.
Зээлийн багцын чанарын хувьд МУХБ нь санхүүгийн байдал, активын чанарын байдлыг тогтмол мэдээлэх үүднээс олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, зээлийн багцыг санхүүгийн тайлагнал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн ангилан ажилладаг. Жилийн өмнө хэвийн ангилалтай зээлийн багц 26.7 хувь байсан бол энэ оны 9 дүгээр сарын байдлаар 74.6 хувьд хүрсэн. Анхаарал хандуулах зээлийн багцыг 59.3 хувиас 15.7 хувь хүртэл, чанаргүй зээлийг 14.0 хувиас 9.7 хувь хүртэл бууруулсан. Мөн дээрх стандартад нийцүүлэн зээлийн болзошгүй эрсдэлээс хамгаалах санг улирал тутам байгуулж цаашид холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх замаар зээлийн багцын чанарыг сайжруулахад анхааран ажиллаж байна.
Зээлийн эргэн төлөлт, найдвартай байдлын талаар:
Эх үүсвэрийн хүүгийн төлбөрийн хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 293.58 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хүүгийн төлбөрийг барагдуулсан бол эх үүсвэрийн үндсэн төлбөрийн хувьд нийт 1,995.68 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний төлбөрийг амжилттай гүйцэтгэсэн байна. Үүнд евро бондын 580 сая ам.долларын төлбөр ВТБ банкны 65.43 сая ам.долларын төлбөр, Чингис бондын 269.9 сая ам.доллар болон 2,021.2 тэрбум төгрөг, Кредит свисс банкны зээлийн 94.8 сая ам.доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээлийн 27.0 сая ам.долларыг тус тус барагдуулаад байна.
Евро бондын эргэн төлөлтийг тухайн өдөр мөн төлөх байсантай холбоотойгоор бондын баталгаа гаргагч ЗГ нь олон улсын зах зээлд 2 дугаар сарын 19-ний өдөр арилжаалсан ЗГ-ын өрийн бичиг (Хуралдай бонд)-ээр 580 сая ам.долларын өрийн бичгийг солих саналыг тухайн сарын 20-ны өдөр албан ёсоор зарласан. 580 сая ам.долларын өрийн бичиг эзэмшигчдийн 476 сая ам.доллар эзэмшигчид нь МУЗГ-ын 7 жилийн хугацаатай өрийн бичгээр солихоор хэлцлийг 3 дугаар сарын 9-ний өдөр хийсэн. Хэлцэл хийгдсэнтэй холбоотойгоор МУХБ 476 сая ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт цаасыг буцаан Сангийн яаманд шилжүүлж тооцоо нийлсэн болно. Өрийн бичгийг солихоор болсон бондын эзэмшигчдийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүүг банкны зүгээс шилжүүлсэн. Үлдэгдэл 104 сая ам.долларын үндсэн төлбөрийг хуримтлагдсан хүүгийн төлбөрийн хамт МУХБ-аас 3 дугаар сарын 21-ний өдөр эргэн төлсөн.
Монгол улсаас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргасан анхны бондын төлбөрийг ийнхүү амжилттай хийж гүйцэтгэснээр хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, итгэл үнэмшлийг бататгасан явдал болсон.
Дотоод үйл ажиллагааны өргөжүүлэлтийн чиглэлээр:
Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэй үүсгэн байгуулагдсан.
“Ди Би Эм лизинг” ХХК-ийн хувьд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг өргөжүүлэх болон бусад салбар (уул уурхай, үйлдвэрлэл, тээвэр)-уудад тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр үйл ажиллагаа эхлээд явж байна. Одоогоор ОХУ-ын тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудаас худалдах, худалдан авах гэрээний дагуу ирүүлсэн үр тариа, хадлан таримал тэжээл бэлтгэх зориулалт бүхий 20 нэр төрлийн 543 ширхэг техник тоног төхөөрөмжөөс одоогийн байдлаар давхардсан тоогоор 120 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд 267 ширхэг техник, тоног төхөөрөмжийг дамжуулах түрээсээр олгоод байна.
“Ди Би Эм ассет менежмент” ХХК-ийн хувьд төлбөрийн тэнцлийн хямралаас үүдэлтэй гадаад валютын хомсдолыг өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй хэлбэрээр шийдэх, МУХБ-ны эрсдэлийг хуваалцах, томоохон төслийн хөдөлгөгч байх, урт хугацаат санхүүгийн эх үүсвэр бий болгох, хөрөнгө оруулалтын орчин, дотоодын хөрөнгө оруулалтын сангийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд үйл ажиллагааг эхлүүлсэн.
Банкны нээлттэй, ил тод санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор цахим зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Бид байгууллагынхаа www.dbm.mn цахим хуудсаар дамжуулан зээл санхүүжилтийн хүсэлтийг онлайнаар авах ажлыг эхлүүлж санхүүгийн зах зээлд нэгэн шинэ алхмыг бий болгож байна. Үүний үр дүнд нэг талаас банкныхаа үйл ажиллагааг нээлттэй ил тод байлгах, нөгөө талдаа харилцагчдаа илүү боломжийг олгох, цаг хугацаа хэмнэсэн шийдлийг бий болгох, үйл ажиллагааг хөнгөвчлөх боломжтой болох юм.
Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд:
Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн чиг үүргийн дагуу олон улсын хөгжлийн санхүүжилтийн болон банк санхүүгийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, түншийн харилцаа тогтоох, холбоонд элсэх зэргээр цар хүрээгээ улам бүр тэлсээр байна. Хөгжлийн банк нь олон улсын санхүүгийн зах зээлд өөрийн байр суурь, нэр хүндийг улам бүр бататгаж, 20 гаруй улс орны хамтран ажилладаг байгууллагуудаараа дамжуулан Монгол Улсын гадаад зах зээл дээрх нэр хүндийг өсгөн, үр ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн 1 жилийн хугацаанд БНУУ-ын Экспорт Импорт банк болон ОХУ-ын Сбербанк, БНХАУ-ын ICBC-тай /Industrial and Commercial Bank of China/ Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүний үр дүнд худалдаа бизнесийн харилцааг өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдийг хамтран санхүүжүүлэх, экспортын санхүүжилт, даатгал болон баталгаа гаргах, олон улсын хөрөнгийн зах зээл дээр хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломж бүрдээд байна.
Мөн Монгол улсын Хөгжлийн банк нь банк хоорондын нийгэмлэгийн “ТҮНШ БАНК”-ээр элсэн орсон.