Хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэж МУИС дэлхийн жишигт нийцсэн шинэ номын сантай боллоо. Тус сургуулийн нэг, хоёрдугаар байрны голд сүндэрлэсэн эрдэм номын шинэ өргөө болох зургаан давхар шинэ номын сан өчигдөр (2017.10.05) үүдээ нээжээ.
Анх 1942 онд, дэлхийн II дайны дараа 100 гаруйхан номтой нээж байсан тус сургуулийн номын сан байгуулагдснаас хойш 75 жилийн дараа анх удаа орчин үеийн орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн 400 мянга орчим хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломж бүрдүүлсэн 15 цэг салбартай болон өргөжив. Энэхүү номын сан нь 24:00 цагаар ажиллах бөгөөд эрдэмтэн судлаач, багш оюутнууд эрдэм шинжилгээний ажил, судалгааг хийх бүрэн боломжтой юм байна. Шинэ номын сангийн уншлагын танхим, музей, цахимаар ном захиалах өрөө, “МУИС брэнд” дэлгүүртэй Ерөнхийлөгч Х.Баттулга танилцсаныхаа дараа тус сургуулийн дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичин үлдээжээ. Энэ дэвтрийг 1957 онд анх нээснээс хойш 60 жилийн турш үе үеийн Төрийн тэргүүн, гадаад, дотоодын хүндэт зочид дурсгалын үг бичсэн байдаг аж.