Лас-Вегасын зочид буудлын цогцолборт болсон буудалцаанд өртсөн 300 гаруй хүн эмнэлгээс гарчээ. Энэ тухай хотын цагдаагийн газрын дарга Жозеф Ломбардо мэдэгдлээ. Түүний хэлснээр хэргийн дараа эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 527 биш, 489 байсан гэнэ. Энэ тухай тэрбээр “Зарим өвчтөнийг хоёр удаа тоолсон юм билээ. 317 хүн эмнэлгээс гараад байна. Амиа алдагсдын тоо буудлага үйлдсэн этгээдтэй нийлээд 59-д хүрсэн” гэжээ.
Мөрдөн шалгалтын явцад Стивен Пэддок хэдэн арван жилийн турш зэвсэг цуглуулан, нууц байдлаар амьдарч байсан нь тогтоогдсон аж. Энэ тухай Лас-Вегасын цагдаагийн газрын дарга “Сүүлийн 72 цагт 100 гаруй мөрдөгч Пэддокийн амьдралыг судалж үзсэн. Түүний машинаас 1.6 мянган сум, 20 кг орчим тэсрэх төхөөрөмж олдсон” гэж тэмдэглэсэн байна. Одоогийн байдлаар тэсрэх төхөөрөмжийн зориулалтыг бүрэн судалж амжаагүй байгаа аж.