Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 8 дугаар Хуралдаан өнөөдөр /2017.10.02/ болж, Хуралдаанд аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцов. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч Д.Элдэвсайхан, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Н.Батсайхан, Х.Батжаргал, Н.Чимэддорж нар сонгогдон ажиллалаа.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хуралдааныг нээж, “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” асуудлыг хэлэлцүүлж, Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах болно хэмээн онцлоод аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн 7 дахь удаагийн Хуралдаанаас хойш Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол болон хэрэгжилтийн талаарх мэдээллийг Төлөөлөгчдөд хүргэлээ. “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж, Аймгийн 2017 оны төсвийн тодотголд аймгийн Аудитын газраас өгөх саналыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат, аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлтийг тус хорооны гишүүн Д.Гантуул нар тус тус танилцуулсан.
Мөн аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан “Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” илтгэж, төлөөлөгчдийн асуултад хариулсан юм. Хуралдаанаар 2017 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг 21,683.4 сая төгрөг, зарлагыг 20,777.8 сая төгрөг, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 408.1 сая төгрөг, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1,065.1 сая төгрөг, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 866.7 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн санг 1,595.1 сая төгрөг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 33,084.3 сая төгрөгөөр тус тус баталлаа. Мөн Хуралдаанаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Хуурай гэх газарт бичил уурхайн зориулалтаар 4,9 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 5 жилийн хугацаатайгаар авах тогтоолыг баталж, тусгай хэрэгцээнд авсан газрыг зориулалтын дагуу ашиглуулах, ашиглалтын явцад хяналт тавьж, тогтоолын хэрэгжилтийг жил бүр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.