Сүүлийн 20 жилийн хугацаанд манай улсын хэмжээнд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт галзуу өвчний мал, амьтны өвчлөл бүртгэгдээд байна. Энэ нь уг өвчний эрсдэлгүй газар манай улсад байхгүй гэдгийг харуулж байна гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Жилд галзуугийн эрсдэлд өртсөн 7000 орчим тохиолдол бүртгэгддэгээс дийлэнх нь нохойнд уруулж, ноцуулсан байдаг. Эдгээр тохиолдлы 95 гаруй хувь нь нохойд хазуулж, уруулснаас вакциныг хийлгэсэн байдаг. Тэр дундаа 85 орчим хувь нь эзэнтэй нохойд хазуулж, уруулсан байдаг аж.
Өнөөдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас бардаг халдварт өвчин юм.
Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачилгаар анх 2007 оны 9-р сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна.
Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.
Галзуугийн вирүс 120С-оос доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байдаг чадвартай бөгөөд мал амьтны сэг, зэмд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг байна.
Харин гадаад орчинд болон өндөр хэмд тэсвэргүй. Энэ вирүс зэрлэг амьтдын дунд тархсан байдаг.
Галзуугаар өвчилдөг эсвэл вирус тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тухайн амьтан өвчтэй, зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол, тэдгээрийн шүлсээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үздэг байна.
Үхсэн болон галзуу өвчний сэжигтэй мал, амьтан үзэгдсэн тохиолдолд:
- Онцгой байдлын газар – 105,
- Нийслэлийн мал эмнэлгийн газар – 70141401, 70141403, 70141407, 70141409,
- Зоонозын өвчин судлалын үндэсний төв – 70282853,
- Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв – 70210316,
- Нийслэлийн эрүүл мэндийн газар – 11-320981 утсанд мэдэгдэнэ үү.
Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв