Намар цаг болж ард иргэдийн амралт зугаалгын цаг дуусч, хичээл сургууль эхлэх болсон энэ үед хөдөөнөөс хотруу чиглэх хөдөлгөөн ихсэх цагт шашны байгууллагууд, тэр дундаа шинэ шашны хөдөлгөөн, культийн /гаж урсгалын/ сүм цуглааны үйл ажиллагаа идэвхжиж хүний хөл хөдөлгөөн ихтэй гудамж, талбайд шашны урсгалынхаа үйл ажиллагааг сурталчлан зогсох болжээ.
Тэд хотын гудамж талбайд гарч өөрсдийн шашны номлол сургаалыг таниулан мэдлэг мэдээлэл хомс, учир мэдэхгүй хүүхэд залуусыг “ангуучлан” өөрсдийн сүм цуглаандаа элсүүлэхийг зорино. Сүүлийн хэдэн жилд Монголд үйл ажиллагаа явуулж буй зарим шашны гаж урсгалууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн дунд нилээдгүй асуудал дагуулаад амжсан.
Культ гэдэг нь “cultus” тахих гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Уламжлалт шашнаас салж гарсан, аливаа хүн, эд зүйлс, үзэл номлолыг /хэт тахин/ шүтсэн, тухайн улсын уламжлалт соёл, ёс заншилаас өөр өвөрмөц зан үйл хийдэг, итгэл үнэмшил, сонирхол, оюун санааны хувьд нэгдсэн нийгмийн нэг хэсэг бүлгийгкульт/гаж урсгал/ хэмээн тодорхойлдог.
Шинэ шашны хөдөлгөөнүүд дотор ч этгээд номлол сургаал, зан үйлийг түгээдэг, нийгэмд өөрсдийн итгэл үнэмшлийг бусдаас онцгой хэмээн үзэж нийгмийг хагалан бутаргах хандлагатай гаж урсгалууд /культ/ ч байна.
Шашны гаж урсгалаас иргэдээ сэрэмжүүлэх үүднээс Америкийн Калифорнийн их сургуулийн профессор, клиникийн сэтгэл судлаач Маргарет Талер Сингер (1921–2003) агсаны зарим шинэ шашны хөдөлгөөн, культийн/гаж, харгис урсгалын/ сөрөг номлол, үзэл санаа, зан үйл, үйл ажиллагааг судлан бичсэн “Бидний дунд буй Культууд” номноос гаж урсгалынханы зүгээс гишүүдийнхээ бодол санаанд нөлөөлж, тэднийг өөрчилдөг онцлог зургаан аргыг дараахи байдлаар тодорхойлж ангилсаныг орчуулж, нэмэлт тайлбар, зурагтайгаар хүргэж байна. /Шашин судлаач С.Дэмбэрэл, Зураач Б. Нарантулга/
1.ШИНЭ ШАШНЫ ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮД ИХЭВЧЛЭН ЗАЛЬЖИН АРГААР ШИНЭ ГИШҮҮД ЭЛСҮҮЛНЭ. /DECEPTION/
Культийн гишүүд хүний эмзэг талыг мэдэрч “сайн ах, эгч, найз”-ын дүрд тоглон “хайр энэрэл, өгөөмөр сэтгэл, магтаалын үгээр бөмбөгдөж “зөөлөн аргаар” бүлэгтээ татна.Үнэгүй цай, кофе, хоолонд урьж, аялал зугаалганд хамт явахыг санал болгоно.
Шинэ шашны хөдөлгөөн нь маш олон холбоо, нийгэмлэг, сан, төрийн бус байгууллагын нэрээр халхавчлан үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрсдийн байгууллагын нэрийг “Хувь хүний хөгжлийн төв”, “Оюуны хөгжлийн төв”, “Номын нөхөр бүлэг”, “Дэлхийн энх тайвны байгууллага”, “Архи тамхинаас гаргах төв”, “Хүмүүнлэгийн байгууллага” гэх мэтээр нэрлэж танилцуулна.
Өөрсдийн шашны номлол сургаал, зорилго, чиглэлийг шууд хэлэхгүй, тусгай мэдлэг, чадвар олгох яриа, лекц, сургалт зохион байгуулж байгаа гэх мэтээр хуурна.
Улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын оддыг хүлээн авалт, баяр ёслолын арга хэмжээнд урьж оролцуулснаар, энэ үйл явдлаа өөрсдийн зорилгод ашиглаж, тэднийг өөрсдийн гишүүн, хамтрагч мэтээр шинэ элсэгчиддээ ойлгуулж, тэдний нэр алдарыг сурталчилгаандаа хэрэглэдэг.
Гол төлөв амьдралын бэрхшээлтэй тулгарч, ганцаардаж, зовж шаналсан хүмүүсийн эмзэг сэтгэлийг өлгөн авч тэднийг элэгсэг, энэрэнгүй, дотно, дулаан үгээр тайтгаруулан хуурч, танд нэг л олдох боломж хэмээн бодох тунгаах хугацаа өгөлгүй хурдан шийдвэр гаргуулж сүмдээ элсүүлэхээр шамдаж, ятгана.
Культэд голдуу тэнэг, гаж сэтгэлгээтэй, хачин жигтэй зүйлд сонирхолтой этгээд хүмүүс элсдэг гэж бодож болохгүй. Культийн гишүүд бидний итгэдэг, хүмүүст нээлттэй ханддаг ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүдийг ч хуурч элсүүлж амждаг.
Зарим тохиолдолд тусгай мэргэжлийн хүмүүс, тухайлбал багш, эмч, сувилагч, сэтгэлзүйчдийг бүлэгтээ элсүүлж, тэднээр дамжуулж сурагч оюутан, өвчтөн, үйлчлүүлэгчдийг нь татах оролдлого хийдэг.
Тиймээс ямар нэг шашны байгууллагад элсэхээсээ өмнө бусдын үгэнд хууртаж, мухар сохроор аялдан дагалдаж, сэтгэл хөдлөлдөө авталгүй, түүний тухай маш сайн судалж, үнэлэлт дүгнэлт хийж, гарах үр дагаварыг нь тооцоолно уу.
Ер нь шинэ шашны хөдөлгөөний энэ төрлийн тусгай үйл ажиллагааг хүмүүс, нийгэмд хандсан, олон нийтийн үйл ажиллагаа явуулж байна хэмээн эндүүрч олноороо хамрагдах нь элбэг байдгийг сэрэмжлүүштэй.
2. ШИНЭ ГИШҮҮДИЙГ НИЙГМЭЭС НЬ САЛГАЖ, ӨӨРЧЛӨХИЙГ ОРОЛДОНО. /DESTABILIZATION/
Хувь хүнийг гэр бүл, найз нөхдөөс нь холдуулж, ахуй орчныг өөрчлөн сүмийн гишүүдийн хүрээлэлд авч, зарим тохиолдолд өмсөх хувцас, идэх хоолыг нь зааж “бодох сэтгэх үйлдлийг” нь хянана. Унтах, амрах цаг өгөхгүй байнга культийн/гаж урсгалын/ үйл ажиллагаа, номлол сургаалдаа оролцуулж завгүй, ажилтай байлгадаг.
Тухайн хүний сул талыг харилцан ярилцаж, асуулт тавих, анкет бөглүүлэх аргаар мэдэж авна.
Энэ нийгэм харанхуй бүдүүлэг, шударга бус, чөтгөр шулам, сатаны хорлол болсон гэж итгүүлнэ.
Сүмийн гишүүдээ ариун, гэгээрсэн, эзэн тэнгэрийн авралд ойрхон хэмээн итгүүлж бусдыг буруу номтон, чөтгөр сатантай зүйрлэж ойлгуулдаг.
Өөрсдийн шашны урсгалын талаархи мэдээллээр бөмбөгдөж, бусад гадны мэдээллийн эх сурвалжийг хаана.
Бие биенээр нь тагнуул туршуул хийлгэн, алдаа дутагдал дээр нь дөрөөлж хяналтандаа авахаас гадна, олж авсан мэдээллээ үндэс болгож удирдагчаа далдыг мэддэг ер бусын чадвартай гэдгийг батлан итгүүлнэ.
Шинээр элссэн гишүүний асууж лавлах, тэдний номлол сургаал, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах тохиолдолд сүм дотор нь ганцаардуулан сэтгэл санаагаар унагаж, бусад бүх гишүүдийн өмнө гэмтэн болгодог байна. Хүний эргэлзэх, логик, шүүмжлэлт сэтгэлгээ, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боогдуулж, удирдагчийн хэлсэн болгоныг үг дуугүй дагадаг болгож хувиргана.
3. ГИШҮҮДЭЭ БАЙНГА УДИРДАГЧААСАА ХАМААРАЛТАЙ БАЙЛГАЖ, АЙЛГАХ АРГА ХЭРЭГЛЭНЭ. /DEPENDENCY AND DREAD/
Зарим культийн удирдагч нь өөрийгөө гэгээрсэн их багш, ер бусын чадвартай, харь гаригийнхантай холбогдох чадвартай гэж өргөмжилнө.
Удирдагч нь өөрийгөө шашны ариун сударт заасан зөнч мэргэн, “элч” гэж гишүүддээ итгүүлэн номлолыг нь үг дуугүй дагахыг шаардана.
Шинжлэх ухааны нэр барьсан хуурамч туршилт явуулж номлол, зан үйлээ аврал/гэгээрлийн хамгийн шилдэг арга хэмээн итгүүлж, эргэлзээгүй дагахыг шаардана. Тэд номлол сургаалдаа Чарльз Дарвин, Зигмунд Фрейд, Макс Вебер гэх мэт сэтгэгчид, эрдэмтэдийн үзэл онолыг эш татан ашиглаж, итгэгчиддээ бид тэдний дэвшилтэт сэтгэлгээ, зам мөрөөр явж буй хэмээн ухуулдаг.
Удирдагчид нь гишүүдээ сэтгэл хөөрөл, далд нууцлаг, ер бусын, чинад ертөнцийг мэдрэх байдалд оруулах, ховсдолт, hyperventilation/ойр ойрхон амьсгалах, гүн амьсгалах, уушгаа хүчилтөрөгчөөр дүүргэсэнээр сэтгэл хөөрөлд автах/ аргыг хэрэглэн өөрийн үгийг үг дуугүй дагадаг болгоно..Тэд өөрсдийн үг яриа, шившлэг, дуу, мөргөл залбирал, бясалгал, өөрийн түүх дурсамжийг байнга давтан гишүүдийн сэтгэлд хий дүрслэл бий болгож, өөрсдийн эрхшээлд оруулдаг.
Тухайн хүнийг өөрийн гэсэн бодолгүй, удирдагчаасаа хараат, хүчгүй, сул дорой, айдасын байдалд оруулна
4. ГИШҮҮДИЙГ ХУУЧИН АМЬДАРЛЫН ХЭВ МАЯГААС НЬ САЛГАН ЗАН ЧАНАР, ҮЗЭЛ БОДОЛ, ЧИГ ХАНДЛАГЫГ НЬ ӨӨРЧЛӨХИЙГ ОРОЛДОНО. /DISCONNECTION/
Шинэ гишүүний урд өмнөх амьдрал утга учиргүй, сэтгэл минь хорон санаагаар дүүрэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, урдын амьдралыг нь хар өнгөөр будаж, элэг доог болгон доромжилж, хуучин амьдралын хэв маяг, зуршлаа орхин шинэ хүн болох ёстой гэж итгүүлнэ.
Амьдралд нь тохиолдсон урдын гэмт явдал, тэр байтугай дотоод сэтгэлдээ бодож явдаг/далд ухамсарт байдаг/ бодол, зүүдийг нь хүртэл бичүүлж гэм нүгэлтэн байсан гэж итгүүлж, байнга наминчлуулна.
Гаж урсгалын гишүүд нь этгээд хэллэг, нэр томъёог бий болгож өөрсдийн хэлээр харьцдаг. Тэд өөрсдийгөө шинэ гишүүдэд тусгай мэдлэг чадвартай гэж итгүүлэхийн тулд ийм нэр томъёо, этгээд хэллэгийг бий болгодог. Мөн эдгээр этгээд хэллэгийг гэрийн тэжээвэр нохойг сургаж номхруулах комманд үгтэй адил шинэ гишүүдийг тэдний эрхшээлд оруулахад хэрэглэнэ.
Гишүүдээ шинэ сүмийн гэр бүл, удирдагчийг үргэлж хүндлэн шүтэж, сайн гишүүн болохыг үргэлж тэдэнд сануулж, шагнал болон шийтгэлийн аргыг хэрэглэн тэднийг номхон дуулгавартай болгоно.
Гишүүдээ байнга хийсэн үйлээ наминчлахыг шаардаж, тэдний сул талтай холбоотой мэдээлэлийг наминчлах үед нь олж авч, тэднийг номхон хүлцэнгүй дуулгавартай болгоход ашигладаг.
5. КУЛЬТИЙН ХЭМ ХЭМЖЭЭНД ТОХИРСОН ЁС ЖУРМЫГ ДАГАХЫГ ГИШҮҮДДЭЭ ШААРДАН ШИНЭ ЗАН ЧАНАР, ҮЗЭЛ БОДОЛ, ХАНДЛАГАТАЙ ХУУРАМЧ ХУВЬ ХҮН БОЛГОН ХУВИРГАДАГ. /DEVELOPING THE CULT PSEUDO-PERSONALITY/
Гишүүдийг культийн номлол сургаал, үзэл номлолыг дагасан хуурамч хувь хүн болгон хувиргана. Тэд культийн үйл ажиллагаа, санхүүг дэмжихийн тулд гудамжнаас “архи, тамхинаас гаргах төв, асрамжийн газарт хандив цуглуулж байна” гэж хүмүүст худлаа хэлж мөнгө цуглуулдаг.
Мөн сүм цуглааныхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор гишүүдээр гудамжинд наймаа хийлгэнэ. Тэд хүмүүсийг өөрсдөөс нь муу хувь заяатай, номлол сургаал ойлгодоггүй гэж дорд үзэн, тэдэнд худлаа хэлж болно гэж үздэг.
Зарим тохиолдолд гишүүддээ шинэ нэр өгч, шинэ хүн болгох зан үйл хийнэ.
Номлол сургаалаа тусгай шинэ нэр томъёогоор зааж, түүнийг ойлгож, сэтгэж, амьдралдаа хэрэгжүүлэхийг шаардана.
Культийн гишүүд хоорондоо энгийн хүнд ойлгогдохгүй тусгай нэр томъёо, хэллэгээр харилцана.
Бидний номлол, зан үйл онцгой ер бусын гэж итгүүлж, дадуулна.
Тусгай мөргөл унших, тойрон бүжих, эргэлдэх, амьсгалаа түгжих, хэт амьсгалах, бясалгах, сэтгэл хөөрөлд оруулах, ховсын байдалд оруулах аргыг хэрэглэнэ.
6. ЯВЦУУ ХААЛТТАЙ ХҮРЭЭНД СЭТГЭЖ, БИЕ СЭТГЭЛЭЭ КУЛЬТДЭЭ ЗОРИУЛАХЫГ ШААРДАНА. /DENIAL AND DEDICATION/
Номлол сургаалдаа чөлөөт, шүүмжлэлтэй, логик сэтгэлгээгээр хандахыг хязгаарлана.
Бусдын итгэлд үнэмшлийг доорд үзэж, өөрсдийн итгэл үнэмшлийг төгс дээд гэх үзэл баримтална.
Культийн удирдагч нь байгаль, нийгмийн гамшигт үзэгдлийг жишээ татан номлол сургаалыг дагахгүй бол тэр мэт цээрлэл хүлээнэ гэж сүрдүүлнэ.
Удирдагч нь зарим тохиолдолд “ертөнцийн төгсгөл” гэх мэт ирээдүйд болох зүйлийг урьдаас зөнчлөн хэлж, биелээгүй тохиолдолд гишүүдээ номлол сургаалыг нь үнэнчээр дагаагүйгээс боллоо гэж буруутган, ирээдүйд болох зүйлийн хугацааг нь хойшлуулж сунган, гишүүдээ улам илүү дуулгавартай байж, номлол сургаалыг нь дагахыг шаардана.
Культээс гарах иргэдийг чамд удахгүй өвчин зовлон, гэнэтийн золгүй явдал тохионо, замаасаа няцлаа, буцаж муу замдаа орлоо гэж буруутгаж сүрдүүлнэ.
Дээр дурдсан шинэ шашны хөдөлгөөний гишүүддээ нөлөөлөх арга барил, үйл ажиллагаа нь зарим шинэ шашны хөдөлгөөнд харилцан адилгүй илэрч болох талтай.
Сэтгэл судлаач Маргерет Талер Сингер шинэ шашны хөдөлгөөний номлол сургаал, үйл ажиллагааны онцлог шинжийг ангилж дурдахдаа голчлон хувь хүний тархийг угаах, сэтгэл санааг хянах, оюун санааг явцуу хүрээнд оруулах зэрэг сөрөг нөлөөг дурдсан байна.
Түүнээс гадна Америкийн сэтгэл судлаач Роберт Липтон гишүүдийнхээ сэтгэлд нөлөөлдөг культийн найман дэлгэрэнгүй хэв шинж, сэтгэл судлаач Эдгар Шайн культийнхэний зүгээс гишүүдийнхээ сэтгэлийг өөрчилдөг гурван үе шатыг судалгаандаа дурдсан байдаг.
Аливаа шинэ шашны хөдөлгөөнд орохдоо хувь хүн доорхи гурван гол асуултыг тавьж, сөрөг хариулт давамгайлж байвал зайлсхийхийг зөвлөж байна.
Нэгдүгээрт: (Номлол сургаалын суурь үндэс, амьдралыг үзэх үзэл нь ариун, зөв эсэхийг анхаарна уу?) Энэ шашны номлол сургаал хаанаас, ямар соёл иргэншлээс үүссэн, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг үгүйсгэдэг эсэх, Монголын соёл иргэншилтэй харшлах эсэх, үндэслэгч нь үнэхээр үлгэр дууриалал болохоор ариун ёс суртахуунтай нэгэн мөн үү гэдгийг шинжилж үзэх нь дээр болов уу? Учир нь зарим гаж урсгалыг үүсгэн байгуулагчид нь уламжлалт гол шашны сүмээс үзэл бодол таарахгүй хөөгдсөн, сүмийн мөнгийг угаасан, татвараас зайлхийсэн, гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд элбэг байдаг.
Хоёрдугаарт: (Үйл ажиллагаа нь зөв, ариун уу?) Шашны гаж урсгал нь шинээр гишүүн элсүүлэхдээ хууран мэхлэх, сүрдүүлж дарамтлах арга хэрэглэх тохилдол нилээн байдаг. Мөн культ нь гишүүдээ захиргаадан дарангуйлах, айдаст автуулах, нийгмийн амьдралаас нь холдуулж идэвхгүй болгох, тэдний хөдөлмөрийг мөлжих, эд хөрөнгийг нь хандив болгож авах, бөөнөөр амиа хорлоход уриалах, нийгмийн эсрэг хорлон сүйтгэх, терорист үйл ажиллагааг АНУ, Япон, Африкийн бусад орнуудад явуулж байсан жишээ баримтууд байна. Тиймээс тухайн шашны зан үйл, үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль болон бусад хууль, тогтоолыг зөрчиж, хүний эрх чөлөө, нийгмийн эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг анхаарч үзнэ үү.
Гуравдугаарт: (Тухайн шашны урсгал хувь хүн танд болон Монголын нийгэм эерэг үр дагавар авчрах уу?) Тухайн шашны номлол сургаал, зан үйл, үйл ажиллагаа нь хувь хүн, нийгэмд, улс эх орны хөгжилд ямар үр дагавар авчирч болох вэ?гэдгийг сайтар тунгаан үзнэ үү. Зарим шинэ шашны хөдөлгөөн нь гишүүдээ гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, нийгмийн хүрээлэлээс нь хөндийрүүлж, ажил сургуулиас нь гаргаж байсан тохиолдолууд байдаг. Мөн зарим шинэ шашны хөдөлгөөн нь Монголчуудын төрөө дээдлэх үзлийг үгүй хийн төр засгийн шийдвэрийг үл хүндэтгэх, түүх, соёл уламжлалыг гутаан доромжлох, Монголчуудын уламжлалт баяр ёслолыг тэмлэглэхгүй байхыг уриалах, иргэний үүргээ биелүүлэхээс татгалзахыг гишүүддээ ятгах, нийгэмд итгэл үнэмшилээр нь хүмүүсийг хооронд талцуулж үл ойлголцол үүсгэх гэх мэт зохисгүй үйл ажиллагааг явуулах нь улс орны үндэсний эрх ашигт хортой үр дагавар авчирч болох талтайг анхаарна уу.
Нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг культээс сэргийлэхэд ард иргэдийн шашны тухай шинжлэх ухаанч үүднээс хандах мэдлэг боловсролд анхаарч, тэдний шашны тухай мэдлэг, философи сэтгэлгээ, сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэхэд шашин судлаач, философич, сэтгэл судлаач нар хамтран ажиллах хэрэгтэй байна.
Мөн төрөөс шашны талаар явуулах бодлогодоо мэргэжлийн шашин судлаачдын тайлбар дүгнэлтийг тусгаж байх нь ард түмнээ уламжлалт ёс заншил, үзэл санааны дотоод эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлаас хамгаалах нэгэн чухал хүчин зүйл болно.
Шашин судлаач С.Дэмбэрэл/
Зураач Б. Нарантулга