-Сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд гардуулан өглөө-
Монгол орны эдийн засгийн тулгуур багана нь мал аж ахуйн салбар. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтлоос үүдэлтэйгээр уг салбарт томоохон асуудлууд тулгарч буй. Бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглах, хариуцлагаа өндөржүүлэх, бодлогын хувьд ямар шинэчлэл хийх зэргийг малчид, салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглан ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрч, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилго бүхий “Монгол орны бэлчээрийн үндэсний форум” энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо анх удаа амжилттай болж өндөрлөлөө.
“Төрөлх бэлчээр нутгаа хайрлацгаая” уриатай, үндэсний хэмжээний уг форумын ерөнхий зохион байгуулагчаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ажиллаж, ХХААХҮЯ, ГЗБГЗЗГ, ЦУОШГ, Швейцарийн хөгжлийн агентлаг (ШХА)-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл, ХААИС, МУИС, Бодлого судлалын төв, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа.
Форумд УИХ-ын Тамгын газар, ХХААХҮЯ, төрийн болон төрийн бус байгууллага, сургалт эрдэм шинжилгээ, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр, аймаг, сумдын ЗДТГ, бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, малчдын байгууллага болон малчид, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, судлаач, оюутнуудын төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцлоо. Форумыг нээж УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн үг хэлсэн юм.
Тэрбээр “Төр, засгаас бэлчээр ашиглалтын талаар богино хугацаанд тодорхой бодлого чиглэл гаргаж, эрх зүйн орчныг нэн яаралтай шинэчлэхгүй бол малын тоо өсөх хэрээр бэлчээр ашиглах боломжгүй болтлоо доройтож, байгалийн аясаар эргэн сэргэх чадвараа бүрэн алдаж, цөлжих аюул нүүрлэх нь. Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль болон бусад хуульд бэлчээрийн газрын харилцааг их, бага хэмжээгээр зохицуулсан тодорхой заалтууд бий ч өдгөө тулгамдаж буй асуудлуудыг бүрэн зохицуулж чадахгүй байна. Салбарын бодлогын баримт бичгүүдэд бэлчээрийн харилцааг зохицуулсан бие даасан хууль зайлшгүй шаардлагатайг тусгасан байдаг.
Мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхгүйгээр, эдийн засгийн бодит хөшүүргийг төрөөс бий болгохгүйгээр бэлчээрийн доройтлыг зогсоох боломжгүй. Мал аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийг харсан ч, эх нутгаа хайрлан хамгаалах талаас нь бодсон ч бэлчээрийн харилцааг зохицуулсан хуультай болох шаардлагатай. Бэлчээрийн тухай бие даасан хуультай болох санаачилгыг удаа дараа гаргаж, УИХ-д өргөн барьсан түүх бий ч өдий хүртэл батлагдаагүй нь төр, засаг болон улстөрчид ажил, үүрэг, хариуцлагаа хангалттай ухамсарлахгүй, эрх ашгийн эрэмбээр асуудалд хандахгүй байгаагийн илрэл гэдгийг энд нуулгүй хэлэх ёстой.
Бэлчээрийн доройтол, цөлжилтөд салбарын эрдэмтэн судлаачид, малчид болон мал ч буруугүй. Харин эрх зүйн орчин бүрдүүлээгүй, бүтээмжид суурилсан эдийн засгийн хөшүүрэг бий болгоогүй төр, засгийн алдаа юм. Улсаараа хөгжье л гэвэл буруу жишигтээ цэг хатгаж, уламжлалт сэтгэлгээнд суурилсан бэлчээр ашиглалтын одоогийн хэлбэрийг өөрчилсөн эрх зүйн орчинтой болгож, гаргасан хуулиа чанд сахин мөрдөх цаг хэдийнэ болсон” гэлээ.
Форумын үеэр үндсэн болон салбар нийт есөн хуралдаан болж, тодорхой зөвлөмжүүд гаргалаа. Тухайлбал, ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан “Малчдын оролцоо, идэвх санаачилга, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь дундын эзэмшлийн бэлчээр нутгийг зүй зохистой ашиглахын тулгуур болох тухай: Үр дүн, сургамж” илтгэл тавьж, хэлэлцүүллээ. 2000-2001 онд нүүрлэсэн зудын үеэр Швейцарын Засгийн газраас манай улсад анх хүмүүнлэгийн тусламж үзүүлснээр “Ногоон алт” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн дөрөв дэх шат өдгөө хэрэгжиж буй бөгөөд Монгол Улсын 150 гаруй сумын малчид хэсгийн зохион байгуулалтад орсон, долоон аймгийн бэлчээр ашиглагчдын 1300 орчим хэсэгт 40000 гаруй малчин өрх хамрагдсан амжилт үзүүлээд буй билээ.
“Монгол орны бэлчээрийн талхагдлын гол шалтгаан нь өмч эзэнгүйдэж, “нийтийн өмчийн эмгэнэл” болж байна гэж олон улсын эрдэмтэд дүгнэсэн. Гэсэн ч бид бэлчээрийн асуудлаа цэгцлэх боломжтой, оройтоогүй байна. “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд малчдыг зохион байгуулалтад оруулж, малчид төрийн өмчийг ашиглахдаа ямар эрх үүрэгтэй байх, төрийн зүгээс өмчийн эзэн учраас ямар эрх, үүрэг хүлээхийг тодорхой болгосон.
Нөгөөтэйгүүр ЦУОШГ-аас байгаль, цаг урын талаас бэлчээрийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөж буйг хянуулж, Газрын харилцааны газраас бэлчээр малын хөлөөр хэрхэн талхагдаж, өөрчлөгдөж буйг хянадаг тогтолцоог хэрэгжүүлсэн. Ингэснээр бэлчээрийн доройтол, малын эрүүл мэнд, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, бэлтгэн нийлүүлэх тогтолцоог сайжруулах эхний алхамуудыг хийчихээд буй” гэж доктор Ц.Энх-Амгалан илтгэлдээ дурдлаа.
Форумын үндсэн хуралдааны үеэр АНУ-ын ХААЯ-ны Хорнадагийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Брандон Бестелмейр “Бэлчээр ашиглалтыг олон талын оролцоотойгоор зохион байгуулахад шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл тавьсны зэрэгцээ Монгол орны бэлчээрийн экологийн чадавхад суурилсан үнэлгээ мониторингийн явц, үр дүнг танилцууллаа.
Ингээд малын тоог бэлчээрийн даацад тохируулах уламжлалт, уян хатан менежмент шаардлагатай гэсэн зөвлөмжийг өглөө. Мөн зохистой бус ашиглалт, цаг уурын таагүй нөхцөлийн хам үйлчлэлээс бэлчээрийн төлөв байдал эргэж сэргэхгүйгээр доройтож, нэг га-гаас авах ургац, малаас авах ашиг шимийн бүтээмж мууддаг, бэлчээрийг нөхөн сэргээхэд багагүй хугацаа шаарддаг учир цаг уурын таатай нөхцөлд ашиглалтын зөв горим шаардагдана, бэлчээр ашиглалтын хэв маяг илүү тогтвортой болж буй зэргээр олон улсын туршлагаас хуваалцав.
“Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ ба боломж” салбар хуралдааны үеэр бэлчээрийн нийгэм, экологийн тогтолцооны олон жилийн судалгааны үр дүнгээс танилцуулж, цаашид ямар боломж байгааг хэлэлцлээ. Дэлхийн дулаарал нь гэтэн ирж буй аюул болж, ган, зуд хавсран нөлөөлөх нь эрчимчиж буй энэ үед уламжлалт мэдлэг менежмент болон орчин үеийн шинэ технологийг хослуулах хэрэгтэйг энэ үеэр хөндөв.
Салбар хуралдаанд оролцогчдын олонх нь нэгдүгээрт, эдийн засгийн баруун бүсэд бэлчээрийн уламжлалт мал аж ахуйг түлхүү хөгжүүлэх, хоёрдугаарт, Хангай Хэнтийн байгалийн бүс нь Монгол Улсын цэвэр усны нөөцийн гол эх үүсвэр тул энэ бүсэд бэлчээр, ус болон ойн цогц менежментийг цогцоор нь хийх нэг шинэ санал дэвшүүлэв. Гуравдугаарт, нэг нутаг усныханд уламжлалт бэлчээр нутгийг нь эзэмшүүлэх санал гаргаж буй талаар хуралдааны чиглүүлэгч, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун танилцуулсан юм.
Форум хамтран зохион байгуулагчдын нэг болох ШХА нь Монгол Улсад 15 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Анх гурван суманд төсөл хэрэгжүүлж эхэлсэн бол одоо 150 болтлоо өргөжин тэлжээ. 2017 оны есдүгээр сар гэхэд 40000 малчин өрхөд хүрч ажиллажээ. Одоогоор 1400 орчим БАХ, 100 сумын БАХ-ийн холбоо, есөн аймгийн түвшний холбоо бий болсон байна. Монгол орны хөдөө орон нутагт хүн амын 70 гаруй хувийг төлөөлж байгаа 150 гаруй мянган малчдын сайн сайхан амьдрал бэлчээр нутгаас шууд хамааралтай.
Харамсалтай нь, энэ бэлчээр нутгийн доройтох ноцтой аюулд өртөж, өдгөө бэлчээр нутгийн 65 хувь нь ямар нэг хэмжээгээр талхагдан доройтсон байна. Сайн мэдээ гэвэл, доройтсон бэлчээрийн 90 хувь нь байгалийнхаа жамаар өөрөө нөхөн сэргэх боломжтой. Бэлчээрийн менежментийг сайжруулж, мал ихээр бэлчих дарамтыг бууруулснаар энэ асуудлыг шийдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж буй. ШХА-ийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл нь яг энэ чухал асуудлыг хөндөн ажиллаж, нутгийн ард иргэдэд түшиглэсэн бэлчээрийн тогтвортой менежментийн арга барилыг нэвтрүүлээд буй билээ.
ШХА-ийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий Консул Габриелла Шпирли манай улсад анх удаа зохион байгуулж буй “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-ын төлөөлөгчдөд баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр “Ихэнх нутагт малын тоо толгой бэлчээрийн даацаас хэтрээд хол давсан тул бэлчээрийн татвар авдаг болох журам нэвтрүүлж, малын тооноос илүү чанарт анхаарал хандуулах хэрэгтэй. 200-гаас илүү малтай малчдад бэлчээрийн татвар ногдуулснаар орон нутгийн хөгжлийн санд нэмэр хандив болж, бэлчээрээ сэргээхэд хөрөнгө оруулах боломжтой.
Малын чанарыг сайжруулж, илүү борлуулалт хийх боломж бүрдүүлэх нэг чухал алхам бол Малын эрүүл мэндийн тухай хуулийн төсөл юм. Энэ жил УИХ-аас уг хуулийг батлах байх гэж найдаж байна. Энэ хууль нь Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлж, мал аж ахуйн салбарын үр ашгийг бүрэн дүүрэн хүртэхэд түлхэц болох чухал хууль төдийгүй малчид малынхаа эрүүл мэндийн төлөө илүү хариуцлага хүлээдэг болох юм. Бэлчээр нутгаа хамгаална гэдэг нь ард түмнийхээ сайн сайхны төлөө санаа тавьж, баялаг түүх, өв соёлоо хамгаална гэсэн үг юм.
ШХА танай улсыг ногоон байж, иргэд нь ч улам сайн сайхан амьдрах тал дээр шийдвэртэй зогсож байгаа. Хамгийн гол нь бид хамтран ажиллаж байж л энэ зорилтод хүрнэ. Энэ хэлэлцүүлэг нь Монгол оронд бэлчээрийн тогтвортой ашиглалтыг хангах шилдэг туршлагыг дэмжиж, санаа бодлоо хуваалцах явдлыг хангах хүрээнд оролцогч талуудын яриа хэлэлцээрийн талбар бий болгох нэн тааламжтай боломж олгож буй” хэмээв.
Тэгвэл ШХА-ийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн бэлчээрийн мэргэжилтэн Д.Булгамаа “Байгаль, цаг уур, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр Монгол орны бэлчээр улам бүр доройтож буй нь олон тооны судалгаагаар батлагдсан, гэхдээ доройтож өөрчлөгдсөн бэлчээрийн газрын дийлэнх хэсэг нь мал бэлчээрлэлт, ашиглалтын одоогийн горимыг цаг алдалгүй өөрчилж чадваас 10 хүртэл жилийн дотор байгалийн аясаараа сэргэх боломжтой хэмээн бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайланд тэмдэглэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл эрчимтэй ашиглалтын нөлөөгөөр Монгол орны бэлчээрийн ургамалжилтын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, унаган зүйл ургамлууд нь дулаасаг, идэмж муутай зүйл ургамлаар солигдох байдлаар доройтол илэрч байгаа нь дэлхийн бусад орнуудад нүүрлээд байгаа цөлжилтөөс ялгаатай юм. МАА-н үйлдвэрлэлийн тулгуур бэлчээрийн газрын уур амьсгал, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөнд дасан зохицсон менежментийг хөтлөх суурь болох бэлчээрийн мониторинг, үнэлгээний улсын сүлжээг бэхжүүлэх, зохистой ашиглалтыг төлөвлөж хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл, зарчим, арга аргачлалыг боловсруулан нэвтрүүлж эхэлсэн нь бэлчээрийн салбарт гарсан нэг том дэвшил мөнөөсөө мөн.
Олон талын оролцооноос хамаарах багагүй хэмжээний хөрөнгө хүч, хугацаа шаардсан энэхүү ажлыг өнөөгийн түвшинд хүргэж чадсан нь ШХА-аас үзүүлж ирсэн урт хугацааны тогтвортой санхүүгийн дэмжлэг, АНУ-ын ХААЯ-ны харъяа Эрдэм шинжилгээний төвийн зөвлөхүүдээс үзүүлсэн техник, арга зүйн зөвлөлгөө чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.
Бэлчээрийн зохистой ашиглалтыг тогтвортой хөтлөх талаар өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд бий болгосон бүтэц, мэдлэг туршлагыг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг чухлыг форумын салбар хуралдаанууд болон хэлэлцүүлгүүдийн үеэр төлөөөлөгчид онцолж байлаа.
Ийнхүү бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхийн тулд малчид өөрсдөө юу хийх, түүнчлэн салбарын байгууллагууд бодлогын түвшинд тэднийг хэрхэн дэмжих талаар санал солилцож, Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг малчдад танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумын үеэр малчдаас гаргасан саналыг дээрх хуулийн төсөлд тусгаад, эцсийн хувилбарыг бэлэн болгов. Ингээд Монгол орны мянга мянган малчдын төлөөлөл болсон МБАНХ-ны зүгээс УИХ-д өргөн барьж, батлуулж өгнө үү хэмээн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэнд гардууллаа.
Мал аж ахуйн салбарын хөгжлийн үндэс болсон бэлчээрийн доройтлыг хязгаарлах, бодлогын шинэчлэлийг эхлүүлэх зорилготой Бэлчээрийн үндэсний форум цаг хугацаа, агуулга санаачилгын хувьд ч өндөр ач холбогдолтой боллоо гэж форумд оролцогчид үнэлж дүгнэлээ.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн, академич, доктор, профессор С.Жигжидсүрэн “Монгол орны бэлчээрийн анхдугаар форумыг амжилттай зохион байгуулсан МБАНХ, ХХААХҮЯ, ШХА болон бусад бүх байгууллага, аж ахуйн нэгж, судлаачид, эрдэмтэд, оюутнуудад баяр хүргэе. Монголын бэлчээрийн агробиологийн нөөцийн тухай, Монгол орны бэлчээрийн ургамлын генийн их баялгийг ашиглан бэлчээрийн тэжээлийн нөөцийг улам аривжуулах цаг ойртож байна” гэсэн. Ялангуяа малчид уг арга хэмжээг талархан хүлээн авч буйгаа илэрхийлсэн.
“Бодлого чиглэлээ тодорхойлсон, хүрэх арга замаа төлөвлөсөн, ахмад, хүндэт гишүүдээ хүндэтгэсэн, залуу үед сурган заасан, монгол өв соёл түүхээрээ бахархаж хүн бүхэнд урам дэм өгсөн сайхан арга хэмжээ боллоо” гэж Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Г.Энхболд хэлсэн бол Төв аймгийн Өндөрширээт сумын малчин Ц.Оюун “Малчид бид Бэлчээрийн тухай хуультай болж, бэлчээрээс болж бусадтайгаа муудалцахгүй болох өдөр ирнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Бэлчээрийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, бэлчээрийн асуудлыг шийдэхийн тулд хэрхэн хамтран ажиллах ёстойг ярилцаж, шийдэлд хүрсэн уг форум ийнхүү өндөрлөлөө. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд 2024 онд болох Дэлхийн бэлчээрийн форумыг Монгол Улсад зохион байгуулах эрх авахын төлөө бусад орнуудтай өрсөлдөхөөр төлөвлөсөн юм билээ. Ингэснээр дэлхийд нүүдэлчин соёлыг сурталчлан таниулах, бэлчээрийн зөв ашиглалтаар бусад оронд үлгэр дууриал үзүүлэх аж.
Хуралдаанаас гаргасан зөвлөмжийг танилцуулж байна.
– ХХААХҮЯ, мэргэжлийн байгууллага, судлаачдын оролцоотойгоор боловсруулж, оролцогч талуудаар хэлэлцүүлсэн хуулийн төслийг УИХ-аас цаг алдалгүй хэлэлцүүлэн батлах
-Бэлчээрийг урт хугацаатай гэрээгээр ашиглуулах замаар харицлагын тогтолцоог илүү тодорхой болгох, бэлчээрээ зохистой ашиглаж тордож сайжруулсныхаа үр ашгийг малчид өөрөө хүртэх нөхцлийг бүрдүүлэх,
-Бэлчээр ашиглалтыг зохион байгуулах суурь бүтэц, дундын бэлчээрээ хамтран ашигладаг малчин өрх, хот, саахалт айлуудын хамтын зохион байгуулалт болох “Бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг”-ийг бэхжүүлэх, статусыг нь тодорхой болгох, бэлчээр ашиглалтын гэрээг төгөлдөржүүлэх байдлаар иргэний эрх зүйн харилцааг хөгжүүлэх,
-Бэлчээр ашиглагчдын холбоо нь малчдын хэсэг бүлгийн үйл ажиллагааны уялдааг хангах, тэднийг төлөөлөх, эрх ашгийг нь хамгаалах, гэрээ хэлцэл байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах иргэний нийгмийн байгууллага болон хөгжихөд дэмжлэг үзүүлэх,
-Хоршоодын бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх замаар малчин өрхийн амьжиргааг сайжруулах, орлогын тодорхой хувийг бэлчээрийг сэргээн сайжруулах үйл ажиллагаанд зориулах орчин бүрдүүлэх,
-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахын тулд эрүүл бэлчээр дээр үйлдвэрлэсэн, байгаль орчин, мал, амьтанд ээлтэй, байгалийн жам ёсны үйлдвэрлэл, нүүдлийн соёлоос гарсан зэрэг шинж чанарыг нь баталгаажуулах, улмаар өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор бэлчээрийн төлөв байдал, үнэлгээний системийг бэхжүүлэх,
-Газар зүйн ялгаатай бүс нутгийн малчдад сарлагийн хөөврөө тохиромжтой хугацаанд самнаж бэлтгэхэд арга зүйн зөвлөгөө үзүүлэх.
-Малын вакцинжуулалт, тарилга, туулгын зохистой хэрэглээг нэвтрүүлэх замаар хөрс, бэлчээрийг хордуулах, бохирдуулах, өвчлөлийг нэмэгдүүлэх хүчин зүйлсийг хязгаарлах.
-Бэлчээрийн салбарын байгууллагуудынүүрэг, оролцоо тодорхой биш,хамтын ажиллагаа хангалтгүй байгаагийн гол шалтгаан болох бэлчээрийн асуудал хариуцсан бий даасан бүтэц бий болгох,
– МБАНХ-ны дэргэд Бодлогын зөвлөл ажиллуулах замаар технологи, арга зүйн салбар дамнасан асуудлуудыг хэлэлцэж шийддэг байх, тухайлбал, бэлчээрийн даац ачааллыг тооцох арга аргачлалыг шинэчлэх ажлыг ойрын үед зохион байгуулах,
-Бэлчээрийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор МБАНХ-ны дэргэд “Мэдээллийн цахим сүлжээ”, “Залуу судлаачдын клуб” ажиллуулж, онол, аргазүйн цуврал семинар, богино хугацааны сургалтууд зохион байгуулах,
-Бэлчээрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг шинэ шатанд гаргах, цаг уурч, газар зохион байгуулагч инженер, бэлчээр тэжээлийн мэргэжилтэн, байгаль орчны мэргэжилтнүүдийн ажлын уялдаа холбоог гаргах, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, бодит амьдралтай илүү холбож өгөх тал дээр анхаарах,
-Хээрийн экосистемийг хамгаалах үүднээс байгалийн хадланг багасгаж, бага талбайд тэжээл тарих ажлыг дэмжих, тэжээлийн ургамлын үрийн генбанктай болох, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж хөгжүүлэх.
Ийнхүү Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш хуран чуулсан Монгол орны бэлчээрийн салбарын мэргэжилтэнүүд, малчид, бодлого тодорхойлогчид тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлон ярилцаж, “ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР- ЭРҮҮЛ МАЛ- ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН”-ийг бий болгох зорилго дор нэгдлээ.
Г.ХИШИГБАДАМ