[starbox]
Каталонд тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт эхлэх үеэр иргэд цагдаа нарын дунд мөргөлдөөн үүсч, 38 хүн бэртсэн тухай Каталоны ЭМЯ-наас мэдээллээ. “Түргэн тусламжийнхан Испанийн цагдаа нартай мөргөлдсөний улмаас гэмтэл бэртэл авсан 38 хүнд тусламж үзүүлсэн. Тэдний 35 нь хөнгөн, гурав нь дунд зэргийн бэртэлтэй байна” хэмээн тус яамны Twitter хуудсанд мэдээлжээ.
Каталоны Засгийн газрын тэргүүн Карлес Пучдемон цагдаа нарын гаргасан энэхүү үйлдлийг харгис хатуу, ямар ч үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр хууль сахиулагчдын зүгээс хүчирхийлэл хэрэглэж байгаа нь тусгаар тогтнолыг дэмжигчид ялалт байгуулахыг баталж байна гэжээ. Үүнээс гадна Испанийн засаг захиргаа хэлмэгдүүлэлт хийж байна гээд Засгийн газрыг огцрохыг шаардсан аж.
Каталонд өчигдөр орон нутгийн цагаар 09:00 цагийн үед тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт эхэлсэн юм. Үүнийг Испанийн Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Испанийн Үндсэн хуулийн шүүхээс ч санал хураалт явуулахыг хоригложээ. Цагдаагийн газраас санал хураалт болох 2315 байрны ихэнхийг нь хяналтдаа авсан гэж мэдэгдсэн байна. Харин Каталоны Засгийн газар сонгуулийн байрны 70 гаруй хувийг нээсэн гэж мэдэгджээ.
Цагдаа нар саналын байранд нэвтэрч, саналын хайрцаг, хуудсыг хураан авч, интернэтийг нь хаасан байна. Тэр ч бүү хэл саналын зарим байранд буун дуу гарсан гэж олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна. Каталоны засаг захиргаа санал хураалтаас нэг цагийн өмнө иргэдийг бичиг баримтаа үзүүлээд аль ч саналын байранд саналаа өгч болно гэж мэдэгджээ. Харин тухайн байранд саналын хуудас хүрэлцэхгүй бол гэрээсээ авч ирж болно гэсэн байна. Үүнээс гадна дугтуйгүйгээр саналаа өгөхийг зөвшөөрчээ. Ингэхдээ саналыг нэг л удаа өгнө.
Олон нийтийн санал асуулгаас үзэхэд тус өөртөө засах орны иргэдийн 41 хувь нь Испаниас салан тусгаарлахыг дэмжиж буй бол 49 хувь нь Испанийн бүрэлдэхүүндээ үлдэхийг илүүд үзжээ. Каталончуудын 80 хувь нь бүх нийтийн санал хураалт явуулахыг дэмжиж байгаа боловч олонх нь Мадридтай зөвшилцөж байж санал хураалт хийх нь зүйтэй гэжээ.