Өнөөдөр, маргааш хоёр (2017.09 сарын 29-30) Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар “Лайсэн Академи”-тэй хамтран “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-ийг зохион байгуулж байна. “BLUE SKY” зочид буудалд болж буй яармагийн зорилго нь Япон улсад сургууль төгсч ирсэн болон япон хэлтэй залууст эх орондоо ажиллах боломж олгох, оролцогч компанитай газар дээр нь танилцан, мэдээлэл авч, ажлын анкет бөглөх, тус улсад суралцах, ажилд орох зэрэг мэдээлэл зөвлөгөөг мэргэжлийг ажилтнаас үнэ төлбөргүй авахад орших байгаа гэнэ.
Яармагт Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар ажил олгогчдын ирүүлсэн 1000 гаруй ажлын байрны захиалга танилцуулж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллээр хангаж, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн “Эвирдэй ферм” ХХК, “Ну Пост” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагууд оролцон, нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэх юм.
Хөдөлмөрийн яармагт оролцсоноор Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орох, ажлын анкет бөглөж тухайн байгууллагатай танилцах боломж бүрдэх ба Япон улсаас их дээд сургууль, мэргэжлийн болон япон хэлний сургуулиудын багш төлөөлөгчид оролцож, тус улсад суралцахад шаардлагатай бүх мэдээллийг өгөх аж.