Говьсүмбэр аймаг дахь хяналтын постод 2017 оны 09 сарын 19-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Батхуяг, замын цагдаа зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Ням-Очир нар эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг илрүүлэн саатуулжээ. Тэдний илрүүлсэн приус маркын тээврийн хэрэгслийг 2015.10.25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт …. улсын дугаартай, приус маркийн автомашинтай явж байсан хоёр залуу иргэн Д-г зодож биед нь гэмтэл учруулсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжилж байжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 31 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Мөнхсайхан, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Хашбат, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Батчулуун, замын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Мөнхбат нар зохих зөвшөөрлийн бичиг баримтгүй, гол төмрийн дугаарыг баллаж дарсан, дугаар тодорхойгүй, ТОЗ-8 хийц өөрчилсөн бууг авч явсныг илрүүлсэн байна.
Налайх дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар иргэн Б нь хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсныг тогтоож, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллажээ.
Ийнхүү орон нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм. Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж байна.
Эх сурвалж: ЦЕГ