Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентийн доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарлах болсоноо өнөөдөр (2017.09.28) албан ёсоор мэдэгджээ. Түүний энэ шийдвэр нь Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд эрх мэдлээ бататгах гэсэн бодлоготой нь шууд холбоотой аж.
Шинзо Абэ ээлжит бус сонгуулийг аравдугаар сарын 22-нд зохион байгуулахаар товлож, албан ёсны сонгуулийн сурталчилгааг сонгуулиас 13 хоногийн өмнө (2017.10.10) эхлүүлэхээр болжээ.
Сонгуулийн сурталчилгааг ийм шахуу хугацаанд зохион байгуулж байгаа нь сөрөг хүчнийхэнд боломж өгөлгүйгээр доод танхимд суудлаа нэмэх гэсэн Абэгийн зорилготой нь холбоотой болохыг гадны хэвлэлүүд бичжээ. Мөн түүнийг эрх мэдлээ баталгаажуулахын тулд эрсдэлтэй алхам хийж байгааг онцолсон байна.
Японы парламентийн доод танхим нь 475 суудалтай, дээд танхимаасаа илүү эрх мэдэлтэй байдаг. Доод танхимын гаргасан шийдвэрийг дээд танхим нь унагавал доод танхим гуравны хоёрын саналаар буцаан сэргээх эрхтэй аж.
Одоогоор гол сөрөг хүчин болох Ардчилсан Нам дотроо үймээнтэй байгаа бол нөлөө бүхий улстөрч, Токио хотын дарга Юрико Койке шинэ нам байгуулж байгаагаа дөнгөж энэ долоо хоногт зарлажээ. Харин Абэг шийдвэрээ зарлахаас хэдхэн цагийн өмнө Ардчилсан Намын лидер Сэйжи Маехара өөрийн намын удирдлагуудыг Койкегийн шинээр байгуулсан “Кибо но То” намтай эвсэж, Абэгийн эрх баригч хүчинтэй өрсөлдөхийг уриалсан байна.