Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Өндөр дов” гэх газарт аймгийн төвөөс 4 км-н зайд Замын цагдаагийн байнгын хяналтын пост ашиглалтанд орж өчигдөр /2017.09.21/ нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Дээрх пост байгуулагдсанаар гэмт хэргийн замаар алдагдсан эд хөрөнгө, эрэн сурвалжилж буй хүн, мал, эд зүйлийг шуурхай илрүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх мөн орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилгыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтойгоос гадна дээрх чиглэлийн авто замаар Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь аймаг руу зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол зам юм.
Уг хяналтын цэгт Замын цагдаагийн алба хаагчаас гадна Цагдаагийн газар, хэлтсээс мөрдөгч, хэв журмын ажилтан, Онцгой байдлын байгууллага болон бусад төрийн байгууллагын алба хаагч, ажилтнууд хамтран 24 цагийн турш хяналт тавьж ажиллах юм гэж Замын цагдаагийн албанаас мэдээлэв.