Хүн амын хүнсний хэрэглээ болон ахуйн хэрэглээнд зориулагдсан малыг нийслэлд хөлөөр нь тууварлан оруулж ирэх, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг орон нутгаас тээж ирж байгаа нь шүлхий өвчин Улаанбаатарыг бүслэх аюулд хүргэж байна гэсэн ойлголтыг олон жил бид тархиндаа суулгаж ирсэн. Харин энэ удаа Улаанбаатарчууд асуудлыг арай өөр өнцгөөс харах цаг иржээ.
Шүлхий болон бусад мал амьтны гаралтай өвчин дэгдсэн үед өвчтэй малаас авсан дээж хамгийн түрүүнд Зайсан дахь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ирж шинжилгээнд ордог. Халдвар тархах аюултай гоц халдварт өвчний нянг мэргэжлийн энэ лаборатори харин хэрхэн тээвэрлэж, шинжилж, хадгалаж, устгадаг бол юм.
Хүн амд халдварлах аюултай мал, амьтны гоц халдварт өвчний нянг шинжлэн судалдаг энэ лабораторийн аюулгүй ажиллагаа, өнөөгийн Улаанбаатарчуудын Зайсан руу хошуурсан нүүдэл хоёр оновчтой зохицол мөн үү гэсэн асуулт яг одоо нийслэлчүүдийн өмнө тулгарчээ.
Гоц халдварт өвчний лабораторийн сорьцтой харьцана, дээжийг нь цуглуулах, тээвэрлэх, нь эрсдэл өндөртэй ажил. Нянг хадгалах, устгах зэрэг бүхий л ажиллагаанд оролцож байгаа хүмүүс хувийн хамгаалах хэрэгсэл, халад комбинзантай байх, сорьц дээж авах тээх сав материалууд санамсаргүй асгаж урсгахаас сэргийлсэн зориулалтын эд байх ёстой. Түүнийг хадгалах, устгах тусгай зориулалтын өрөө талбай ч тэдэнд хэрэгтэй.
Лаборатор халдвартай мал, амьтанд ашигласан зүү тариур, сорьцоо хаана яаж устгадаг юм бол. Байгалийн гамшиг, үер усны аюул, гал түймэр, газар хөдлөлтийн аюулаас яаж хамгаалагдсан байдаг вэ. Эндээс аюулгүй ажиллагаа алдагдахгүй гэсэн баталгаа бий юу. Хүн амын тал орчим хувь нь амьдарч байгаа нийслэлд гоц халдварт өвчний нянг шинжлэн судалдаг лабораториа хэдий болтол байлгах вэ?
Улаанбаатарынханд, тэр тусмаа Зайсангийн оршин суугчдын хувьд тулгамдсан асуудал болсон лабораторийн аюулгүй ажиллагааны талаар сурвалжлахаар даваа гаригт (2017.09.11) Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзоригтой холбогдсон юм.
Updown.mn: мэдээллийн сайтаас ярьж байна. Сайн байна уу Ганзориг захиралаа. Нийслэлд шүлхий өвчин тархаад байна. Малаас хүнд халдварладаг өвчний нянг шинжилдэг, хадгалдаг, устгадаг лабораторийн ажиллагааг сурвалжлахаар ярьж байна?
Захирал Ганзориг: Энэ асуудлыг манайх мэдэхгүй. Шүлхий өвчний талаар дээд газрууд хариулах байх.
Updown.mn: Бид шүлхий өвчний дэгдэлт, тоо баримтын талаар сурвалжлахгүй. Шүлхийн нянг хадгалаж байгаа лабораторийн орчны талаар ярилцах гэсэн юм. Нийслэл хаягаа тэлээгүй байхад энэ лаборатори Зайсан толгойд байрлаад ажиллахад болж байсан байх. Одоо байдал өөр болсон. Зайсангийн хүн ам олширсон, дүүрэн орон сууц болсон. Ийм үед аюулгүй ажиллагаагаа яаж хангаж ажилладаг юм бол гэсэн мэдээллийг л нийтэд хүргэх гэсэн юм.
Захирал Ганзориг: За, маргааш өглөө 08.30 цаг манай ажил дээр ирээрэй.
Бидний дунд ийм яриа болсон тул өчигдөр (2017.09.12) өглөө товлосон цагт Зайсан дахь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори дээр очлоо. Гэвч захирал ирээгүй байв. Энэ талаараа Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд зохион байгуулагдсан Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган”-д оролцох ёстой байсан тул тэнд сууж байгаа хэмээн тайлбарлав. Ингээд энэхүү чуулганы үеэр уулзаж ярилцахаар товлосон ч захирал утсаа салгасан байлаа.
Лабораторийн эргэн тойрон ба Улаанбаатарын бүрхэг ирээдүй
Олон улсын туршлагаас харахад мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин гарсан газраас гурван км тойрог татаж, тэр доторх бүх мал, амьтныг устгадаг юм байна. Мөн энэ төрлийн шинжилгээ хийдэг байгууламжуудаа хүн ам суурьшсан хотоос хол зайдуу байрлуулдаг байна.
Харин манайд бол эсрэгээс Зайсанд байрлаж байгаа. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байдаг. Лабораторийн хашаан дээгүүр төмөр тор татжээ. Гоц халдварт өвчний нянг тээн ирж, шинжлэн судалдаг энэ газрын хашаатай орон сууцны барилга, хаусууд бөөр бөөрөө нийлүүлэн суурьшжээ. Хүн ам бага байх үед болоод байсан энэ байгууламж өнөөдөр ийм эрсдэлтэй орчинд үйл ажиллагаагаа явуулж байна.
Сураг сонсоход хэдэн жилийн өмнө лаборатор шинжилгээнд хамруулахаар авчирсан гоц халдварт болон бусад өвчний нянг устгадаг нэг жижиг зуух барьсан гэх юм билээ. Тэрхүү жижиг зуухнаас өвөлдөө хар утаа ялгарч л байдаг. Гэвч энэ нь ойр орчмын айлуудад юм бодуулдаггүй бололтой юм.
Гэтэл сүүлийн жилүүдэд шүлхий, боом, галзуу өвчин байсхийгээд л бүртгэгдэж, бүртгэгдэх тоолондоо өвчилсөн малын нян энд ирж шинжилгээнд орох болсон. Шүлхийн тухайд 2000 оноос хойш хамгийн багадаа 31 удаагийн хэвийн бус олон тооны халдвар нэвтэрч тархсан мэдээ бий. Дээр нь үе үе дэгдэх таравган тахал, цусан халдварт, листериоз, иж балнад, шөвөг яр, сохор догол зэрэг олон өвчний нян вирус энд хадгалагдаж, устгагдаж байгаа. Ийм улсын хэмжээнд онц чухал обьект, эрсдэлтэй байгууламжаа хэдий болтол Зайсанд байршуулах вэ бид.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатор
Лабораторийн хамгаалалттай хашаа
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн эргэн тойрон
Д.ОТГОО
3 comments
ГҮНТИЙН ЗУСЛАН ЯВАХ ЗАМД ҮХЭР АДУУ ЗАМ ХААЧИХААД БАЙГААГ ХЭЗЭЭ ШИЙДЭХ ВЭ?ХОТЫН ЗАСАГ ДАРГА АА.
та айх хэрэггүй ээ, наад лаборатори чинь аль 10 жилийн өмнөөс биоаюулгүй ажиллагааг хангачихсан газар буюу Монголдоо одоогоор ганцхан байдаг биоаюулгүйн олон улсын 3-р ангиллын суурин лабораторитой, мөн түүнчлэн 2-р ангиллын хөдөлгөөн т лабораторитой, цэрэгжүүлсэн хамгаалалттай газар. Хойноос ирээд хот манайх гэх санаатай нөхдүүд тэр лабораторийг чинь тойруулаад 2005 оноос барилга барьж эхэлсэн юм, одоо хотонд ирээд хонь манайх гэх санаатай л танаар ийм юм бичүүлж байгаа хэрэг. Орчин үед дэлхийн олон том хотод биоаюулгүйн хамгаалалт бүрдүүлчихсэн хүн эмнэлгийн, мал эмнэлгийн үй олон лабораториуд ажиллаж байгаа хө, санаа бүү зов.
zuv shuu hen ted nariig zaisand ail saahalt buu gesen yum.gazar zunduu l bna