Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Монголын Хуульчдын холбооны тэргүүн Б.Гүнбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Францын Хуульчдын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Паскаль Идү, тус зөвлөлийн Европ болон олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Филипп-Анри Дютхайл нарыг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улсын Дээд шүүхийн шүүгч, Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Х.Батсүрэн, Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан нар байлцав.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Францын Хуульчдын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч манай улсад айлчилж байгааг хоёр улсын Хуульчдын холбооны хамтын ажиллагааны эхлэл, цаашдын сайхан харилцааны суурь гэж үзэж буйгаа илэрхийлээд шүүгчдийг давтан сургах, туршлага судлуулах асуудалд анхаарахыг хүслээ. Мөн манай улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн шинэчлэл, Монгол Улсын Дээд шүүхийн талаар товч танилцуулсан юм.
Ноён Паскаль Идү айлчлалаа Франц, Монголын хуульчдын найрсаг хамтын ажиллагааг эхлүүлэх боломж гээд Монголын шинэ залуу Хуульчдын холбоотой туршлага солилцох, хуульчдыг сургах, хүний эрх, бизнесийн эрх зүй, мөнгө угаах гэмт хэргийн асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан талаараа ярилаа.
Францын Хуульчдын Үндэсний зөвлөлөөс ирэх сард зохион байгуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийт 60 улсын хуульчийн өмсгөлийн үзэсгэлэн гаргах гэж буйг ноён Филипп-Анри Дютхайл танилцуулаад уг үзэсгэлэнгийн “хоймор”-т Монголын шүүгчийн өмсгөлийг байрлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Танхимын тэргүүн Т.Уранцэцэг дээрх асуудлыг судалж, нааштай хариу өгөхөө амлав гэж Улсын Дээд шүүхээс мэдээлэв.