Харвардын эрүүл мэндийн сургуулийн микробиологич Жонатан Шейман марафон гүйлтийн тамирчдын гэдэсний бактерийн нууцыг тайлахын тулд тэдний ялгадсыг удаан хугацаанд цуглуулж шинжилжээ.
Түүний үзэж буйгаар тамирчдын хүч чадлыг тэтгэдэг бичил биетүүдийг илрүүлж, хэзээ нэг цагт тэдгээрийг нэмэлт тэжээл болгон бусад хүмүүсийн хүч чадлыг сэлбэхэд зориулж болох гэнэ.
Бидний ходоод гэдсэнд олон төрлийн бактер үржиж байдаг ба тэдний төрөл зүйл нь бидний иддэг хоол, амьдардаг орчин, тэр ч байтугай хэнтэй хамт амьдардгаас хамааран өөр өөр байдаг аж.
Бактериуд бидний хэрэглэж байгаа хүнснээс шаардлагатай шим тэжээлийг авахад тусалж, гадны нян биед нэвтэрч өвчлүүлэхээс хамгаалж байдаг. Тэгвэл Шейман тэдний зарим нь бидний булчинг удаан ядрахгүй ажиллахад дэмжлэг үзүүлдэг гэж дүгнэжээ.
Наймдугаар сарын 20-нд Вашингтонд болсон Америкийн химийн нийгэмлэгийн жил тутмын хурал дээр Шейман судалгааны зарим үр дүнгээсээ танилцуулсан байна. Тэр 2015 оны Бостоны марафонд оролцсон 20 тамирчны тэмцээнээс өмнөх ба дараах нэг долоо хоногийн өдөр тутмын ялгадсыг цуглуулж шинжилж үзсэн гэнэ.
Ингэхэд тамирчдын ходоод гэдсэнд сүүн хүчлийг задалдаг их хэмжээний бактер байгааг илрүүлжээ. Уг сүүн хүчил нь булчингийн ачааллын үед дайвар бүтээгдэхүүн болж ялгардаг ба сүүлд ядарч сульдахад гол нөлөө үзүүлдэг гэнэ. Бас хоол хүнсийг илүү өндөр түвшинд боловсруулдаг бактер илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хоолноос авах шим тэжээлийг ихэсгэдэг гэсэн үг.
Шейманы баг бас бусад төрлийн тамирчдын ялгадсанд шинжилгээ хийж үзэхэд ийм бактер илрээгүй нь марафончид удаан хугацаанд тэвчээр гаргах шаардлагатай байдагтай нь холбоотой гэж үзжээ. Бусад төрлийнхөн богино хугацаанд хүч гаргадаг тул ийм бактер шаардлагагүй байдаг гэж дүгнэсэн байна.
Дахин хэсэг судалсны дараа Шейман тамирчдын гэдсэнд байдаг эдгээр онцгой бакетруудыг ялган авч, нэмэлт тэжээл (пробиотик) болгосноор энгийн хүмүүст хэрэглүүлж болно гэж үзжээ.
Оны сүүлээр түүний баг ийм тэжээл үйлдвэрлэдэг стартап компани байгуулах төлөвлөгөөтэй байна.