Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.
Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна. Ачааллын яг энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг хурдасгах боломж нөхцөлийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.