Швед улсын Ёоккмокк тосгонд Дэлхийн цаатны холбооны чуулга уулзалт энэ сарын 16-20-нл болов. Энэ үеэр АНУ, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ, Норвеги, Финланд, Дани, Швед, Монгол зэрэг улс орны 400 гаруй цаатан иргэдийн төлөөлөл оролцож, цаа бугын сүргийн тоо толгойг өсгөн нэмэгдүүлэх, энэ бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцжээ.
Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэ уулзалтанд манай улсаас Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Монголын цаатны холбооны тэргүүн О.Батчулуун, Тайгын байгаль ТББ, цаатан иргэдийн төлөөлөл Г.Баасанхүү, С.Өлзийсайхан нар оролцсон байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 54 өрхийн 237 цаатан иргэн, 1970 толгой цаа буга маллан амьдардаг. Сүүлийн жилүүдэд устах аюулд хүрсэн цаа бугын тоо толгой нэмэгдэх болж, цаатан иргэдийн амьдрал, өвөрмөц ахуй, соёлыг гадаад, дотоодын жуулчдын сонирхолыг татах болжээ.