Өчигдөр буюу Лхагва гарагт Конгрессын Төлөөлөгчдийн танхим ТикТок сошиал платформыг АНУ-ын зах зээлд хориглох нөхцөл бүхий хуулийн төслийг олонхын саналаар дэмжлээ.
Тухайлбал ТикТокыг эзэмшигч Хятадын ByteDance компанид хяналтын хувиа зарах зургаан сарын хугацаа өгөх бөгөөд энэ хугацаанд өөр эзэмшигчтэй болохгүй бол АНУ-ын зах зээлд үйл ажиллагааг нь хориглох нөхцөлтэй хуулийн төсөл юм.
Одоо Сенатын танхим уг хуулийн төслийг хэлэлцэж, дэмжвэл ерөнхийлөгч Жо Байден баталснаар хүчин төгөлдөр болно.
АНУ-ын эрх баригчид ТикТок платформ дахь Хятадын нөлөөнд эртнээс санаа зовж байсан юм.
Тэд АНУ-ын зах зээлд 150 сая хэрэглэгчтэй болсон уг платформ хувь хүмүүсийн мэдээллийг Хятадын тусгай албадад дамжуулах боломжтой гэж үзэж байгаа.
Хуулийн төслийг санаачлагчдын нэг, Бүгд Найрамдах намын төлөөлөгч Майк Галлагер “Америкийн зах зээлд давамгайлдаг мэдээллийн платформыг Хятадын Коммунист Намын мэдэлд байдаг компани эзэмшиж байх эрсдэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.
ТикТок компани өмнө нь АНУ-ын эрх баригчдын энэ болгоомжлолын хариуд хэрэглэгчийн мэдээллийн сангаа Хятад дахь ByteDance компанийн ажилтнуудаас бүрэн тусгаарласныг мэдэгдэж байв.
Гэсэн хэдий ч болгоомжлол арилаагүй юм.
2020 онд ерөнхийлөгч Трамп бас ТикТокын эзэмшлийг албадан шилжүүлэх захирамж гаргаж байсан ч шүүх дээр эсэргүүцэлтэй тулгарч, сонгуулиар засаг захиргаа солигдсон зэрэг шалтгаанаар замхарч байжээ.
Тухайн үед ТикТокын зах зээлийн үнэлгээ $50 тэрбум орчим байсан бол өнөөдөр $268 тэрбум орчимд хүрээд байгаа.
Гэхдээ Дональд Трамп одоо ТикТокын эзэмшлийг солихыг эсэргүүцдэг болсон. ByteDance компанид багахан хувь эзэмшдэг Бүгд Найрамдах намын хандивлагч Жэфф Яасстай уулзсаны дараа түүний байр суурь өөрчлөгдсөн гэх мэдээлэл байна.
Ерөнхийлөгч Жо Байдены хувьд Конгрессын хоёр танхим хуулийн төслийг дэмжвэл батлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн.
ТикТок платформ 2020 онд АНУ-ын зах зээлээс $1 тэрбум хүрэхгүй хэмжээний зар сурталчилгааны орлого олж байсан бол энэ онд $8.66 тэрбум хүрэх төлөвтэйг Emarketer судалгааны компани тооцоолжээ.
Өчигдөр хуулийн төслийн санал хураалт явагдах үеэр Конгрессын ордны гадна ТикТокын зарим хэрэглэгчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байлаа.
Эх сурвалж: BBC https://ikon.mn/n/33il