Нью Орлеансийн Цагдаагийн газрын ялзарч буй төв байрыг эзэгнэж байгаа цорын ганц амьтад нь харх болжээ. Барилга нурж унах дөхөн муудсан тул ажилтнуудын ширээн дээр харх гүйх нь холгүй болсон талаар ажилчид нь ярьж байна. “Broad Street” дахь төв оффисын агааржуулагч эвдэрч, цахилгаан шат нь ажиллахгүй байгаа талаар ажилтнууд нь Даваа гаригт мэдэгдсэн байна.
Гэвч хархнууд хаа сайгүй гүйгээд зогсохгүй нотлох баримт хадгалаг өрөөг эзэгнэж, тэнд байгаа марихуаныг идэх болжээ.
“Хархнууд манай марихуаныг идэж байна. Тэд бүгд хөөрөлтэй байгаа” гэж Цагдаагийн газрын дарга Энн Киркпатрик хэлжээ.
Төв байрыг засахад 30 сая ам.доллар шаардагдана. Харин шинэ барилга түрээсэлбэл 10 жилээр түрээслэхэд сарын 670 мянган ам.доллар болох ажээ. Түрээсийн өртөг нь засварын өртөгөөс хямд тусна гэдгийг хотын захиргааны ахлах ажилтан Гилберт Монтано хэллээ.
1968 онд баригдсан эл барилгад хархнаас гадна жоом гэх мэт өөр хортон шавж ч дүүрчээ. Зөвхөн цагдаагийн газраар тогтохгүй дүүрэг тэр чигээрээ харх, хортон шавжанд эзлэгдээд байгааг албаныхан онцоллоо. Энд 400 орчим ажилладаг. Гэвч барилгын эвдрэл гэмтлээс болоод ажилчид хэдэн сараар гэрээсээ ажиллахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Цагдаагийн газрын байрыг эзэлсэн хархнууд хар тамхи идсэн тохиолдол үүгээр дуусахгүй. 2022 онд Энэтхэгийн Уттар Прадеш мужид хархнууд цагдаагийн газарт хураасан байсан хууль бус тээврийн 200 гаруй кг каннабисыг идсэн байжээ.
“Харх гэдэг өчүүхэн жижиг амьтан цагдаагаас айхаа мэдэхгүй. Мансууруулах бодисноос тэднийг хамгаалахад хэцүү байдаг” гэж Уттар Прадеш мужийн шүүгч Санжай Чаудхари хэлж байв.
Мэрэгч амьтад марихуан хэрэглэсэн үедээ хөдөлгөөн нь удааширч, биеийн температур нь буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тэд марихуан агуулсан жигнэмэгийн үр нөлөөг мэдсэн хэдий ч сайн дураараа иддэг нь тогтоогджээ.
Эх сурвалж: CBS, THE TELEGRAPH https://news.mn/r/2708083/