Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн Төгрөг хэмээх газар тус сумын харьяат хоёр малчин малаа хариулж яваад уулын цасны нурангинд өртөж, цасанд дарагдсан тухай дуудлага энэ сарын 12-нд онцгой байдлын газар бүртгэгдсэн байдаг. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан болон ар гэрийнхэн 60 км зам туулж, энэ сарын 13-ны өдрийн 02:00 цагт очиход малчин Х, 29 настай эрэгтэй цасан нурангид дарагдсан байсныг эсэн мэнд олж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн бол 26 настай малчин А-г эрэн хайх ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.
Эрлийн ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодрууллаа. Тэрбээр “Малдаа явж байгаад цасан нурангид дарагдаж, сураггүй болсон малчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Сум, аймгийн Онцгой байдлын алба хаагчдаас гадна нутгийн 60 орчим иргэн эрлийн ажиллагаанд оролцож, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Өнөөдөр аймгийн Онцгой байдлын газраас нэмэлт хүч дуудаж, техник хэрэгслийг нэмж, эрлийн ажиллагааг өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн. Цасан нурангид дарагдаж, сураггүй болсон иргэн гэрээсээ таван километрийн зайд малдаа явж байсан. Харин нурангинаас эсэн мэнд гарсан 29 настай эрэгтэйг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, эмчилж байгаа” гэсэн юм.