Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-12-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэйчүүдийн 64 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, “Дархан хан спийд” компанийн тамирчин Г.Ануужин мөнгөн медаль (Огцом өргөлт – 91 кг) хүртэж, гурван жил дараалан тивийн аваргын медалийн тавцанд зогссон бол сар шинийн өмнөхөн буюу хоёрдугаар сарын 9-нд эмэгтэйчүүдийн 71 кг-ийн жинд өрсөлдсөн залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ анх удаа насанд хүрэгчдийн Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ.
Энэ амжилтаараа О.Төгс-Эрдэнэ Ази тивийн аваргын ангилал тус бүрээс медаль хүртсэн тамирчин болж байгаа юм.
Энэ жилийн тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, “Дархан хан спийд” компанийн тамирчин Г.Ануужингийн хувьд 2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгөн медаль хүртсэнээр гурван жил дараалан тивийн аваргын медалийн тавцанд зогсож чадлаа.
“Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тивийн аваргын өрсөлдөөнд Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин улсаа төлөөлөн оролцсоныг тодотгоё.
Монголын хүндийг өргөлтийн тамирчид энэ тэмцээний дараах байдлаар насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, 33 мөнгө, 66 хүрэл (Эмэгтэйчүүд зургаан алт, 15 мөнгө, 29 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө, 37 хүрэл) медаль хүртээд байна.