Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд болов. Энэхүү наадам нь цаашид Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд дэлхийд нэртэй, сая, сая уншигчтай зохиолчид Монголын талаарх төсөөллөө бодит болгож, Монголын түүх соёл, байгаль орчин, ан амьтан, ард иргэдийн тухай шүлэг зохиол бичиж, өөр өөрийн хэлээр нийтлэн, олон улсад сурталчлах чухал ач холбогдолтой гэдгийг яруу найрагчид онцолж байв.
Монголын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, МУСГЗ Ү.Хүрэлбаатар “Дэлхийн томоохон хотуудын жишиг нь өөрийн яруу найргийн наадам, фестивалиа жил бүр нэг нэртэй яруу найрагчийнхаа нэрэмжит болгон явуулдаг. Энэ жишгээр бид анхны наадмаа Монголын хосгүй, сод яруу найрагч, Данзанравжаагийн тэгш ой тохиож байгааг тохиолдуулан Данзанравжаагийн нэрэмжит болгосон.” хэмээв.
Харин Нийслэлийн Засаг С.Батболд яруу найргийн наадмыг нээж хэлэхдээ, “Бид Улаанбаатар хотоо олон улсад танигдсан, олон улсын соёлын төв болгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд хийж байгаа томоохон арга хэмжээ нь Дэлхийн яруу найрагчдын их хурал болон өнөөдрийн яруу найргийн наадам юм. Энэхүү наадам үргэлжлээд Говийн ноён хутагтын нутагт болох учиртай. Цаашид 2 жил тутамд зохион байгуулж, дэлхийн яруу найрагчид Монголд чуулдаг арга хэмжээ болгохоор зорьж байна. Бид дэлхийн яруу найрагчдад олгодог маш их нэр хүндтэй шагналыг бий болгосон. Энэхүү шагналаа өнөөдрийн наадмын төгсгөлд олгоно.” гэсэн юм.