Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах болон тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод нээлттэй болгож, авилгаас урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгууллаа.
Жил бүрийн нийслэлийн төсөвт бүтээн байгуулалт, худалдан авах ажиллагааны зардал тусгагдаж дулааны улирал эхэлмэгц Улаанбаатар хотын нийгмийн болон бусад дэд бүтцийн ажлууд хэрэгжиж эхэлдэг. Гэвч бүтээн байгуулалт, нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны тендерийг тойрсон хардлага иргэдийн зүгээс гардаг нь нууц биш. Нийслэлийн Засаг дарга 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Технологийн ухаалаг шийдлийг ашиглан иргэдэд нээлттэй Улаанбаатар хот” болгох зорилт тавьж, шат дараалсан арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь намар бүр урд дараалал, хэл ам дагуулдаг хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт оруулж иргэдийн цаг зав, санхүүг нь хэмнэх захирамж гаргасан нь залуу эцэг эхчүүдэд таалагдсан шийдвэр болоод байгаа билээ.
Технологийн дэвшлийг ашиглан иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулсан дараагийн алхам нь нийслэлийн тендерийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг шилэн болгох, хүссэн иргэн, аж ахуйн нэгж бүтээн байгуулалтын болон худалдан авах ажлын явцад шууд хяналтаа тавьж, дуу хоолойгоо хүргэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх ахлан ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1 comment
Шилэн гэж худлаа ярих хэрэггүй танай дарга нар арай хэтэрч байгаа шүү