ОУВС-ГААС МОНГОЛД ӨГСӨН САЙН ҮНЭЛГЭЭ
Засгийн газар удтал хэлэлцээ хийсний эцэст энэ оны тавдугаар сарын сүүлээр ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаар болсон. Ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд манай Засгийн газар нийтдээ 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болоод буй. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн даруйд 38.6 сая ам.долларыг манай улс руу шилжүүлсэн билээ. Үүнийг Төв банкны валютын нөөцөд нийлүүлснээр эдийн засагт тодорхой хэмжээгээр эерэг үр дүнгээ өгч эхлээд байгаа юм.
Хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтээ сайн гэж үнэлээд буцсан ОУВС-гийнхны араас муу мэдээ очжээ. Улирал тутам орох санхүүжилтээс өмнө ОУВС-гаас хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг нягталж, урьдач нөхцөлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Энэ жишгээр ОУВС-гийн шинжээчид өнгөрсөн сард манай улсад хүрэлцэн ирж, хөтөлбөрийн эхний шатанд дүн шинжилгээ хийгээд буцсан. Тэд хөтөлбөрийн эхний шат төлөвлөсөн үр дүнд хүрч, эдийн засагт эерэгээр нөлөөлж ирснийг албан мэдэгдлээрээ дурджээ.
Уг үнэлгээнд нь тулгуурлан, өөрөөр хэлбэл ОУВС-гийн ажлын хэсгийн эерэг үнэлгээг үндэслэн дараагийн шатны санхүүжилт хийж эхэлснийг Монголбанк мэдээлэв. Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүллээ.
МОНГОЛООС ОУВС-Д ОЧСОН МУУ МЭДЭЭ
Гэвч хөтөлбөрийн эхний шатны хэрэгжилтээ сайн гэж үнэлээд буцсан ОУВС-гийнхны араас муу мэдээ очжээ. Тэд Монголд байхдаа хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь сайн шийдэл биш гэдгийг Монголын Засгийн газарт анхааруулсан юм. Гэтэл Монголоос хүүхдийн мөнгөнөөс нь ч муу мэдээ ОУВС-гийнхны сонорт хүрчээ. Энэ нь Засгийн газартай хариуцлага тооцох нэрээр улс төрийн тогтворгүй байдал үүсгэх цөөн улстөрчдийн санаархал юм.
Хэрвээ Засгийн газраар оролдвол хамгийн наад зах нь ОУВС-гаас ирэх санхүүжилтийг тодорхой хугацаанд түдгэлзүүлнэ. Муугаар бодоход хөтөлбөр тасалдах, зогсох ч эрсдэлтэйг олон улсын жишээнээс харж болох.
АРГЕНТИНЫ ТҮҮХИЙГ МОНГОЛД ДАВТАХ УУ
Улс төрийн тогворгүй байдлаас болж ОУВС-гаас хөтөлбөрийн санхүүжилтээ зогсоосон жишээ бол Аргентинаас эхлээд олон оронд бий. 1990-ээд оны үед Аргентины эдийн засгийн өсөлт дэлхий дахиныг гайхуулж байв. Саяхны өөр жишээ гэвэл ОУВС-гийн хөтөлбөр нь зогссоноор Украйн улс яаж баларсан, дампуурсныг Монголчууд нийтээрээ мэднэ.
Гэтэл 1995 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Карлос Менемийн сонгуулийн амласан амлалт улс төрийн болоод эдийн засгийн тогтворгүй байдал бий болгож, хэдхэн жилийн дотор тус улсыг элгээр нь хэвтүүлсэн юм. Шинэ Ерөнхийлөгч Карлос Менем нөөцийн валютын хэмжээг эргэлтэд байгаа мөнгөний хэмжээтэй тэнцүүлж, ам.доллар болон үндэсний мөнгөн тэмдэгт хоёрыг хүчээр ижил үнэтэй болгосон нь эхэн үедээ амжилт олж, инфляци зогсон, эдийн засаг хөл дээрээ босов.
Гэвч эдийн засаг цэцэглэж байна хэмээн ард түмнийг хуурсан нь ил болж, Аргентин гадаад өрөндөө дарагдав. Үүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч, эдийн засгаа аврахаас илүүтэй эрх мэдлийн төлөөх тэмцэл гаарсан юм. Тус улс 2015 оны зургаадугаар сард ОУВС-д төлөх ёстой байсан 1.7 тэрбум ам.долларыг эргэн төлж чадсангүй.
Үүний улмаас дэлхийн санхүүгийн ямар ч байгууллагаас тусламж авч чадахгүй нөхцөл үүссэн юм. Ийнхүү Аргентинд нэн ядуучуудын тоо хоёр дахин өсч, энэ улс бүхэлдээ хямарч, дефолт зарлаж байв. Ийнхүү олон жил үргэлжилсэн Аргентины хямрал бий болсон түүхтэй.
Саяхны өөр жишээ гэвэл ОУВС-гийн хөтөлбөр нь зогссоноор Украйн улс яаж баларсан, дампуурсныг Монголчууд нийтээрээ мэднэ. Аргентин, Украйны жишээг давтах улс төрийн орчин бол Монголд байна, эдийн засгийн орчин бол байхгүй. Харин ч Хойд Солонгост тавьсан хоригтой холбоотойгоор Монголд боломж бий болж, нүүрсний экспорт нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх боломжтой тухай дэлхийн хэвлэлүүд онцолж байна.
“Шеньхуа” групп нүүрсний хоёр ч уурхайгаа хаасан нь Монголд олдох бас нэгэн боломж хэмээн “Ройтерс” бичиж байна. Үүнээс гадна Шинэ Дели геополитикийн тоглоомдоо манайхыг сонирхож эхэлсэн тухай мэдээлэл ч олон улсын хэвлэлүүдээр тасрахгүй байна.
Хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор ОУВС-гийн хөтөлбөр хойшилж, улсын эдийн засаг, тэр байтугай аюулгүй байдалд сөрөг үр дүн гарч болзошгүй. Сайнаар бодож нэгэнт байгуулсан хөтөлбөр зогсохгүй ч, одоо найдвартай хэлж чадах үнэн гэвэл ОУВС-гаас орж ирэх санхүүжилт хойшилно. Улс төрийн байдал тогтворжтол, шинэ Засгийн газар байгуулагдах, тэдэнтэй уулзах, ойлголцох, хөтөлбөрөө тодотгох зэрэг техник ажлуудад ч багагүй хугацаа зарцуулна.