Монголын үндэсний олимпын хороо болон Ханбогд Кашимер ХХК хооронд хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол есдүгээр сарын 8-нд Олимпик хауст боллоо. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг нар гарын үсэг зурав.
Гэрээний хүрээнд Ханбогд Кашимер ХХК нь МҮОХ-ны Алтан түнш болж байгаа бөгөөд, “Канвон 2024” Залуучуудын өвлийн IV Олимп болон “Парис 2024” Зуны XXXIII Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын загварыг урлаж, 620 гаруй сая төгрөгийн өртөг бүхий ёслолын иж бүрэн хувцсаар ивээн тэтгэх юм.
Түүнчлэн Ханбогд Кашимер ХХК нь “Парис 2024” Олимпын үеэрх “Mongolia House” төсөлд хамтран ажиллаж, брэндээ сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэх боломжтой болов.
Ханбогд Кашимер ХХК-ийн Сүлжих үйлдвэрлэл эрхэлсэн захирал Д.Нямтунгалаг “Спорт, олимпизм болон Монголын баг тамирчдаа дэмжин ажиллах болсондоо баяртай байна. Канвон болон Парисын Олимпоос олон медальтан төрөн гарахыг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Ханбогд Кашимер ХХК нь 1998 онд байгуулагдсан бөгөөд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, органик ноолуур болгон боловсруулдаг аж үйлдвэрийн тэргүүлэгч үйлдвэр билээ. Түүнчлэн “Токио 2020” Олимпын наадмаас эхлэн МҮОХ болон Монголын баг тамирчдаа тогтмол дэмжин ажиллаж байна хэмээн Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.