Наймдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдагчийг үл таних дөрвөн этгээд зодож бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэрэг гарчээ.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжилж 15-23 насны нэр бүхий дөрвөн этгээд уг хэргийг үйлдсэн болохыг тогтоон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс наймдугаар сарын 29-ний шөнө дайчлан баривчилсан байна.
Эдгээр этгээд урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож айлган сүрдүүлж эд зүйлийг дээрэмдсэн хоёр үйлдлийг тогтоосон байна.
Иймд иргэд зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд шөнө оройн цагаан ганцаараа гэрэлтүүлэггүй, камергүй гудамж талбайгаар зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, сонор сэрэмжтэй байж болзошгүй эрсдэлийг тооцож явахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.