Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуотой уулзав
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо болон холбогдох удирдлагуудтай уулзалт хийлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалын чухал зорилгуудын нэг бол БНХАУ-тай шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болохыг онцлоод “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн шинжлэх ухаан, технологийн зорилтуудыг хэрэгжүүлэх”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 38 мянга гаруй инженер технологийн ажилтан шаардлагатай бөгөөд БНХАУ-ын шинжлэх ухааны дэвшил, технологийн чиглэлээр туршлага судалж, хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв.
ШУА-ийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо тус улсын ШУА нь Төрийн Зөвлөлийн шууд харьяа бөгөөд байгалийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн чиглэлээр дагнан ажилладаг гэлээ. Мөн БНХАУ-ын “Инновац-2020”, “Инновац-2050: Шинжлэх ухаан, технологи ба Хятадын ирээдүй” зэрэг стратегийн судалгааны тайлангуудыг боловсруулжээ.
ШУА нь 69 мянга гаруй судлаач, 79 мянга орчим суралцагчтай, 130 үндэсний лаборатори, инженерийн төв, хээрийн ажиглалтын болон судалгааны 68 станцтай гэж танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ШУА-ийн Ерөнхийлөгч Хоу Жянгуо нар хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтарсан судалгааны төслүүдийг эхлүүлэх, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлэх, БНХАУ-д инженер, архитектор болон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр оюутан сургах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хоёр орны эдийн засагт ач холбогдол бүхий инженерүүдийг хангалтай бэлтгэх мэргэжлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох талаар санал солилцлоо.