НЗДТГ-ын дарга И.Баатархүү өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн төлөөлөгч нартай уулзаж, тус агентлагаас хэрэгжүүлж буй “Азийн тэсвэртэй хотууд (Asia Resilient Cities)” төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болсон үйл явдлуудын улмаас дэлхий нийтээрээ гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах замаар илүү тэсвэртэй, тогтвортой хотыг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Улаанбаатар хот нь 2016 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орж, дэлхийн бусад хоттой туршлага солилцон, аюулгүй хот бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. Мөн цаашид хотын дэд бүтцийг сайжруулж, агаар, орчны бохирдлыг бууруулах замаар илүү тэсвэртэй хот болохын төлөө зорьж байна. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахыг эрэлхийлж байна” хэмээсэн юм.
“JSI Сургалт, судалгааны хүрээлэн”-гийн Азийн тэсвэртэй хотууд төслийн дэд захирал Дамодар Бачани “Бид “Азийн тэсвэртэй хотууд” төслөө газар хөдлөлт олон болдог Индонез, үер ихээр буудаг Энэтхэг, хэт халдаг Бангладеш болон агаарын бохирдол ихтэй Кыргызстан зэрэг Азийн дөрвөн улсын дөрвөн хотод хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжүүлэх хотоо сонгохдоо уур амьсгалын өөрчлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг нь гол шалгуураа болгодог. Бидний энэ удаагийн Монгол Улсад ажиллаж байгаагийн гол зорилго нь Улаанбаатар хоттой хамтран ажиллах боломжийн талаар судлахад оршиж буй. Өөрөөр хэлбэл, цаашид хамтран ажиллах тав дахь хотоороо сонгох боломжтой эсэхийг судлах гэж ирсэн юм” гэв.
Уулзалтын төгсгөлд НЗДТГ-ын дарга И.Баатархүү Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулах “Азийн тэсвэртэй хотууд” төслийг нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.